“Amazon Prime Video” 2001 онд үзэгчдийн хүртээл болсон, олон хүний дуртай “Legally Blonde” киноны өмнөх үйл явдлыг харуулах “Elle” телевизийн цувралыг гаргаад байна. Гэвч уг бүтээл шүүмжлэгчид болон үзэгчдийн дунд нэгдсэн үнэлгээ авч чадалгүй, санал бодлыг хоёр хуваажээ.
Ихэнх шүүмжлэгч “Elle” цувралд сөрөг үнэлгээ өгсөн байна. Харин зарим нь уг бүтээлийг хөнгөн, хөгжилтэй, үзэхэд таатай цуврал гэж дүгнэжээ.
Цувралын үйл явдал 1995 онд өрнөдөг. Гол дүр Элл Вүүдс ахлах сургуулийн сурагч байх үеэс түүх эхэлж, түүний өсвөр насны амьдрал, шинэ орчинд дасан зохицох явцыг харуулна.
Эллийн гоо сайхны мэс засалч аав нэгэн алдартанд хамрын хагалгаа хийхдээ алдаа гаргаснаар гэр бүл нь Калифорнийн нарлаг амьдралаа орхихоос өөр аргагүй болдог. Ийнхүү тэд Сиэтл хот руу нүүж, Элл шинэ сургууль, шинэ найз нөхөд, хайр дурлал болон өсвөр насны олон сорилттой нүүр тулна.

“Elle” цувралын гол мэдээлэл:
- Үйл явдал 1995 онд өрнөнө;
- Элл Вүүдсийн ахлах сургуулийн үеийг өгүүлнэ;
- Гол дүрийг Лекси Минитри бүтээсэн;
- Риз Уизерспун продюсероор ажиллажээ.
Анхны “Legally Blonde” (2001) кино тухайн үедээ соёлын томоохон үзэгдэл болсон. “эмэгтэйлэг, эелдэг байхын зэрэгцээ ухаалаг, амжилттай байж болно” гэсэн санаа нь уг бүтээлийг олон үзэгчийн хувьд онцгой болгосон юм.
Мөн “Legally Blonde” кино жүжигчин Риз Уизерспуны Холливуд дахь байр суурийг бататгаж, түүнийг томоохон оддын эгнээнд хүргэсэн билээ. Харин шинэ “Elle” цувралд гол дүрийг жүжигчин Лекси Минитри бүтээж, Риз Уизерспун продюсерын хувиар оролцсон байна.