Дэлхийн хөлбөмбөгийн амьд домог Лионель Мессигийн санхүүгийн чансаа шинэ түвшинд гарч, тэрбээр тэрбумтнуудын элит клубт албан ёсоор нэгдлээ. “Bloomberg Billionaire Index”-ээс гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд түүний нийт хөрөнгийн хэмжээ нэг тэрбум ам.долларын босгыг албан ёсоор давсан байна. Энэхүү үзүүлэлтээр тэрбээр спорт сонирхогчдын хувьд тэрбумтан болсон дэлхийн хоёр дахь хөлбөмбөгчин гэж бүртгэгдэж байна.
Өдгөө АНУ-ын Хөлбөмбөгийн дээд лигийн (MLS) “Inter Miami” багийн төлөө хүчин зүтгэж буй Аргентин довтлогчийн хөрөнгө дараах үндсэн эх үүсвэрүүдээс бүрдэж байна. Түүний амжилтын санхүүгийн үзүүлэлтүүдийг багцалж харуулбал:
- Цалин, урамшуулал: Тэрбээр 2007 оноос хойш зөвхөн ногоон талбайд гаргасан амжилт, гэрээний цалиндаа 700 сая ам.доллар халаасалжээ.
- Брэндийн түншлэл: Месси дэлхийн томоохон компаниуд болох “Adidas”, “PepsiCo”, “Budweiser” зэрэг брэндүүдтэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.
- Жил тутмын сурталчилгааны орлого: Дээрх нэр хүндтэй брэндүүдтэй хийсэн гэрээнийхээ үр дүнд тэрбээр жил бүр тогтмол 50-70 сая ам.долларын нэмэлт орлого олдог байна.
Тэгвэл хөлбөмбөгийн түүхэнд хамгийн анхны тэрбумтан тамирчнаар түүний мөнхийн өрсөлдөгч Кристиано Роналдо тодорч байсан түүхтэй. Роналдо өнгөрсөн жилийн аравдугаар сард Саудын Арабын “Al-Nassr” багтай 400 сая ам.долларын асар өндөр дүнтэй гэрээ үзэглэснийхээ дараа эл амжилтыг хамгийн түрүүнд тогтоож байжээ.