Анжелина Жоли “Château Miraval” дарсны үйлдвэртэй холбоотой Брэд Питттэй үүсгэсэн маргаандаа хууль эрх зүйн чухал ялалт байгууллаа.
“Page Six” хэвлэлийн мэдээлснээр, Лос-Анжелес хотын шүүхээс 62 настай жүжигчин Брэд Питтийг экс эхнэрийнхээ Франц дахь эдлэн газрын хувьцааг борлуулсантай холбоотой хувийн захидал харилцааг ил болгохыг шаардах эрхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Шүүгч жүжигчин бүсгүйн талд зогсож, эдгээр материалыг хуулийн нууцад (legal privilege) хамаарна гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрт Питт уг нууцлалыг цуцлах хангалттай нотлох баримт гаргаж чадаагүйг дурджээ. Гэхдээ жүжигчин эр энэ асуудлыг дараа дахин хөндөх боломжтой хэвээр үлдэв.
“Энэ бол хатагтай Жолигийн хувьд томоохон ялалт юм. Шүүхийн шийдвэр ноён Питтийг нууцалсан баримт бичгүүдэд нэвтрэхийг оролдохдоо хэрээс хэтэрсэн болохыг харууллаа. Тэрээр анх 126 баримт бичиг шаардаж байснаа дараа нь 22 болгон цөөрүүлсэн ч эцэст нь юу ч авч чадсангүй. Энэ бол Анжелинаг, тэр байтугай өөрийнх нь өмгөөлөгчтэйгээ харилцах харилцааг хүртэл хянах гэсэн түүний стратегийн нэг хэсэг юм. Давж заалдах шатны болон анхан шатны шүүх үүнийг зогсоосонд бид маш их баяртай байна” гэж Анжелина Жолигийн өмгөөлөгч Пол Мерфи мэдэгдэв.
Уг шийдвэр нь тэдний хамтран эзэмшдэг байсан “Château Miraval”-тай холбоотой урт хугацааны зөрчилдөөний бас нэгэн эргэлт болов. Питт 2021 онд Жолигийн өөрийн хувьцаагаа зарсантай холбоотой захидал харилцааг шалгахыг хичээж байгаа юм. Жүжигчин эр түүний бизнес менежер Терри Берд, Британийн PR мэргэжилтнүүд болох Хлои Далтон, Арминка Хелич болон санхүүгийн зөвлөхүүдтэйгээ харилцсан зарим зурвасууд нууцлалд хамаарахгүй тул шүүхэд шилжүүлэх ёстой гэж зүтгэж байв.
Брэдийн шүүхэд гаргаж өгсөн баримтад дурдсанаар, Анжелина өөрийн бизнес менежер Бердтэй мэргэжлийн үйл ажиллагааныхаа “бүх тал”-ыг, тэр дундаа хуулийн асуудлыг тогтмол хэлэлцдэг гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ. Гэвч жүжигчин бүсгүй эдгээр харилцаа нь хууль эрх зүйн стратегийн нэг хэсэг тул нууцлагдмал байх ёстой гэж хамгаалсан юм.
Сануулахад, Брэд Питт 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Жолиг “Château Miraval” дахь хувьцаагаа түүний зөвшөөрөлгүйгээр “Tenute del Mondo” компанид (“Stoli Group”-ийн дарсны салбар) зарсан гэж буруутгасан. Харин Жоли үүнийг үгүйсгэж, экс нөхрөө түүний эсрэг “өшөө авалтын дайн” зарласан хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасан билээ.
Тэдний гэр бүл цуцлах үйл явц найман жил гаруй үргэлжилсний эцэст 2024 оны 12 дугаар сард албан ёсоор дуусгавар болсон. Тус хосууд зургаан хүүхэдтэй бөгөөд гурав нь өргөж авсан, гурав нь тэдний биологийн хүүхэд юм.