Хятадын Хэнань мужийн оршин суугч нэгэн эмэгтэй уламжлалт анагаах ухааны эмнэлгээс 120 000 юань буюу ойролцоогоор 64 158 600 төгрөг нэхэмжлэхээр шүүхэд ханджээ. Түүний авсан эмчилгээ хүү төрүүлэхэд нь туслаагүй байна. Энэ талаар Sohu мэдээлэв.
Тус эмэгтэй өмнө нь хоёр охинтой байсан ч хүүтэй болохыг хүсдэг байжээ. Түүний хэлснээр танилууд нь Наньян хотод ирээдүйн хүүхдийн хүйсэнд нөлөөлөх боломжтой гэх арга хэрэглэдэг эмнэлгийн талаар ярьсан байна. 2024 оны гуравдугаар сараас эхлэн эмэгтэй болон түүний нөхөр эмчийн зааврын дагуу эм ууж, төрөл бүрийн эмчилгээ, процедурыг хийлгэжээ.
2025 онд эмэгтэй жирэмсэн болсон байна. Ойролцоогоор сарын дараа тэрээр өөр байгууллагад шинжилгээ өгч, охин тээж байгаагаа мэджээ. Үүний дараа жирэмслэлтийг тасалдуулж, эмнэлгээс 120 000 юань буюу ойролцоогоор 64 158 600 төгрөгийг буцаан олгох, мөн сэтгэл санааны хохиролд нэмэлтээр 50 000 юань буюу ойролцоогоор 26 732 750 төгрөг төлөхийг шаардсан байна.
Эмнэлгийн зүгээс хүү төрнө гэж хэзээ ч баталгаа өгөөгүй бөгөөд өөр хүйстэй хүүхэд төрсөн тохиолдолд мөнгө буцаах тухай ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж мэдэгджээ. Мөн тус эмнэлэг ургийн хүйс тодорхойлох шинжилгээ хийсэн гэх мэдээллийг няцаасан байна.
Анхан шатны шүүх эмэгтэйн шаардлагыг үндэслэлээр нь хэлэлцэхээс татгалзжээ. Шүүхийн тайлбарласнаар эмнэлгийн бус зорилгоор ургийн хүйс тодорхойлох болон хүүхдийн хүйсийг сонгох нь Хятадын хуулиар хориглогддог. Тиймээс ийм зорилготой тохиролцоо нь шүүхийн хамгаалалтад хамрагдах боломжгүй байна.
Эмэгтэй давж заалдах хүсэлт гаргасан ч шүүх анхны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Шүүгчид мөнгө буцаан авах шаардлага нь хууль болон хүйсийн тэгш байдлын зарчимд харш зорилгод үндэслэсэн тул эмнэлгээс ийм үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулах боломжгүй гэж үзсэн байна.
