Меттью Макконахи: Голливудаас зугтаж, Перуд 22 хоног нууц нэрээр амьдарсан түүх

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Меттью Макконахи: Холливудаас зугтаж Перуд амьдарсан нь

Олны танил болж эхэлж байх үедээ жүжигчин Меттью Макконахи Холливудын алдар нэрийн дарамтаас холдож, одын статусаас ангид өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэхийн тулд Перу улсад цахилгаангүй орчинд 22 хоногийг өнгөрүүлсэн тухайгаа ярьжээ.

Тэрээр энэ тухайгаа No Magic Pill подкастад оролцохдоо хуваалцсан байна. Макконахийн хэлснээр, тухайн үед хүмүүс түүнийг Холливудын карьертай нь холбож ойлгохоос сэргийлж, өөрийн жинхэнэ нэрээр бус “Матео” гэж танилцуулдаг байжээ.

“Надад хөл дороо байгаа газрыг дахин мэдрэх шаардлага гарсан. Тэгээд л бүх зүйлийг тас хийтэл унтраагаад Перу руу явчихсан” гэж жүжигчин хэлэв.

Алдар нэр ба бодит амьдралын зааг

Гэнэт ірсэн нэр хүндийн дараа амьдралынх нь юу нь жинхэнэ, юу нь зөвхөн нэр алдрын үр дагавар вэ гэдэгт тэрээр эргэлзэж эхэлсэн гэнэ.

“Би өөрийгөө сорьж, өөртөө итгэх тэрхүү мэдрэмжийг дахин олох хэрэгтэй байсан. Надад тийм чадвар байгааг мэдэж байсан ч үүнийг өөртөө дахин батлах ёстой байв. Одоо би алдартай болчихлоо, надад энэ, тэр гээд л олон зүйл холбогдох болж. Үүний юу нь жинхэнэ, юу нь зөвхөн хий хоосон зүйл вэ гэдгийг ойлгохыг хичээсэн” хэмээн тэрээр дурсжээ.

Перуд өнгөрүүлсэн эхний 12 хоног түүнд хэцүү бөгөөд “хачин” байсан ч яваандаа нөхцөл байдлыг арай өөрөөр хүлээж авч эхэлсэн байна.

“Би тэнд ‘Би ингэж амьдарч чадах юм байна. Энэ миний амьдрал байж болох юм байна’ гэж бодогдтол хангалттай удаан хугацаагаар байсан. Ингэж амьдарч чадна гэдгээ ухаарсан даруйд хүн өөртөө ‘За за, одоо гэртээ харьж болно’ гэж хэлж чаддаг” гэж Макконахи өгүүлжээ.

“Матео”-д дурласан хүмүүс

Түүний хувьд энэхүү туршлагын хамгийн чухал хэсэг нь өөрийг нь жүжигчин гэж мэдэхгүй хүмүүстэй харилцах явдал байв.

“Намайг зөвхөн Матео гэдгээр мэддэг хүмүүстэй уулзах нь надад хэрэгтэй байсан. Тэрхүү 22 хоногийн төгсгөлд тэдний ч нүдэнд, миний ч нүдэнд нулимс цийлэгнэж, бид бие биенээ тэврэн салах ёс гүйцэтгэсэн. Энэ бүхэн алдартантай биш, харин Матео гэдэг эгэл хүнтэй холбоотой байсан юм. Энэ нь надад ‘Өө, би өөрийнхөөрөө хэвээрээ байгаа юм байна. Бүх зүйл зөвхөн надаас л шалтгаална’ гэдгийг дахин баталж өгсөн” гэж жүжигчин ярив.

Холливудаас дахин хөндийрсөн нь

Хожим нь Макконахи романтик инээдмийн киноороо хамгийн алдартай жүжигчдийн нэг болсныхоо дараа Холливудаас дахин хөндийрсөн юм. “The Wedding Planner”, “How to Lose a Guy in 10 Days” зэрэг кинонуудын амжилтын дараа түүнд дандаа ижил төрлийн дүрүүд санал болгох болсонд сэтгэл дундуур байсан тул тэрээр гэр бүлийнхээ хамт Техас руу нүүжээ.

Өнгөрсөн жил “Оскар”-ын шагналт жүжигчин Interview сэтгүүлд өгсөн ярилцлагадаа карьерынхао оргил үед Холливудыг орхих нь “аймшигтай” байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр бүр мэргэжлээ өөрчлөх талаар ч бодож байжээ.

“Би магадгүй ахлах сургуульд багшлах, эсвэл найрал хөгжмийн удирдаач болохоор суралцах уу, эсвэл зэрлэг байгалийн аяллын хөтөч болох уу гэж бодож байлаа” хэмээн Макконахи хэлжээ.

Тэрээр романтик инээдмийн кинонд тоглох 14.5 сая долларын саналаас татгалзсанаар өөрийн шийдвэр хэр зэрэг тууштай болохыг эцэст нь харуулсан байна.

“Магадгүй Холливудынхан үүнийг миний хамгийн тэрслүү үйлдэл гэж хүлээж авсан байх. Учир нь энэ шийдвэр ‘Тэр үнэхээр тоглоогүй байна’ гэдгийг тэдэнд тодорхой ойлгуулсан” гэж жүжигчин дурджээ.

(Эх сурвалж: Variety)

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй