Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Минск хотод “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Беларусийн Дуурь, балетын их театрын тайзнаа Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулжээ.
Тоглолтыг Монгол, Беларусийн төр, засгийн төлөөлөгчид, нийгэм, соёлын салбарын зүтгэлтнүүд болон олон нийт үзэж сонирхсон байна.
Монголын үндэсний урлагийн шилдэг бүтээлүүдийг толилуулав
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Монголын уламжлалт соёл, урлагийг илэрхийлсэн шилдэг бүтээлүүдээсээ үзэгчдэд хүргэж, үндэсний хөгжим, дуу, бүжгийн өвөрмөц онцлогийг танилцуулжээ.
Тоглолт болсон Беларусийн Дуурь, балетын их театр нь тус улсын сонгодог урлагийн гол төвүүдийн нэг бөгөөд 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй.
Тус театрын тайзнаа Беларусийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс гадна “Хунт нуур”, “Щелкунчик” зэрэг дэлхийн сонгодог дуурь, балетыг тогтмол тоглодог байна.
Гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн мөн гарчээ
“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зөвхөн тайзны тоглолтоор хязгаарлагдахгүйгээр Монголын түүх, өв уламжлалыг сурталчлах бусад арга хэмжээг ч Минск хотод зохион байгуулжээ.
Тухайлбал, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн гаргаж, Беларусийн иргэдэд Монголын өв соёл, зан заншил, урлагийн уламжлалыг танилцуулсан байна.
Ийнхүү “Монголын соёлын өдрүүд” нь хоёр орны иргэдэд бие биенийхээ соёл, урлагтай ойр танилцах боломж бүрдүүлсэн цуврал арга хэмжээ болж байна.
