Монгол, Хятадын хилийн зурваст дэгдсэн түймрийг тогтоон барихаар 2000 гаруй алба хаагч дайчлагджээ

0 comments
Монгол, Хятадын хилийн

Монгол Улсын зүүн хилийн бүсэд гарсан хээрийн түймрийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхаар ӨМӨЗО-ны холбогдох байгууллагууд хоёр мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Энэ сарын 9-ний өдрийн 13:00 цагийн орчимд Дорнод болон Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр, БНХАУ-ын Шилийнгол аймгийн Дун Үжимчин хошуутай хил залгаа бүсэд дэгдсэн уг гал богино хугацаанд хяналтаас гарч, Шилийнгол болон Хянган аймгийн хилийн зурвас руу эрчимтэй тэлжээ.

Хиймэл дагуулын ажиглалт ба түймрийн цар хүрээ

Бээжингийн Дэлхийн цаг уурын төвөөс аравдугаар сарын 12-ны өдөр танилцуулсан тайланд дурдсанаар, “Фэнъюнь-4С” хиймэл дагуулын тандалтаар хилийн шугам дагуу хэд хэдэн идэвхтэй голомт бүртгэгдсэн хэвээр байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт өртсөн байж болзошгүй нийт талбайн хэмжээ таван мянга гаруй хавтгай дөрвөлжин километрт хүрээд байгаа аж.

Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр гал хилийн зурваст тулж ирсэн хэдий ч БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн ороогүй байна. Өвөр Монголын эрх баригчид гал түймэр унтраах хөдөлгөөнт анги болон мэргэжлийн хоёр мянга гаруй хүнийг тусгай техник хэрэгсэлтэйгээр хилийн шугам дагуу байршуулан, эргүүл хийж, тогтоон барих ажиллагааг зохион байгуулж байна.

Шалтгаан тодорхойгүй, эрсдэл өндөр хэвээр байна

Гал түймэр гарсан анхны шалтгаан нь иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэлтэй юу, эсвэл байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан уу гэдэг нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй, шалгалтын шатанд байгаа юм. Түүнчлэн аравдугаар сарын 12–15-ны өдрүүдэд хилийн дагуу хуурайшилттай, хүчтэй салхитай байх цаг агаарын төлөв ажиглагдаж буй тул түймэр дахин сэргэж, хил давах эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй