Ш.Алтантуяагийн хэргийн талаар Монгол Улс Малайзын Засгийн газарт албан ёсны шаардлага тавилаа

0 comments 2 үзэлт
Ш.Алтантуяа

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайзад амь насаа алдсанаас хойш 20 жил өнгөрч буй энэ үед Монгол Улсын Засгийн газраас тус улсын эрх бүхий байгууллагуудад дипломат шугамаар албан ёсны шаардлага хүргүүлжээ. Мөн хэргийн үнэн мөнийг тогтоох, шударга ёсыг шаардах зорилгоор “Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим гарын үсэг цуглуулах санаачилгыг эхлүүлсэн байна.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын элчийн хувиар Малайзын нийслэл Куала-Лумпур хотод ажиллах үеэрээ дээрх асуудлаар мэдээлэл өгчээ. Тэрбээр Ш.Алтантуяагийн ар гэрт Монголын төрөөс үзүүлж буй дэмжлэгийг илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагаа, дипломат харилцааны ач холбогдлыг онцолсон байна.

Малайзын шүүхийн шийдвэрт Монголын тал харамсаж байгаагаа илэрхийлэв

Ш.Алтантуяа 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайзын нутаг дэвсгэрт 28 настайдаа бусдын гарт амь насаа алдсан юм. Тухайн үед тэрбээр хоёр бага насны хүүхэдтэй байсан бөгөөд түүний эцэг С.Шаарийбуу охиныхоо хэргийн талаар шударга шийдвэр гаргуулахаар 20 жилийн турш тэмцэж иржээ.

Уг хэрэгт хоёр хүнийг эрүүгийн журмаар буруутайд тооцон ял шийтгэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгааг Г.Занданшатар мэдээлсэн байна. Үүнээс гадна талийгаачийн ар гэр Малайзын иргэний шүүхэд нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалах ажиллагааг үргэлжлүүлж иржээ.

2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Малайзын Шах Аламын Дээд шүүхээс уг хэрэгтэй холбогдуулан иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч талуудаас нийт таван сая малайз ринггитийн нөхөн төлбөрийг Ш.Алтантуяагийн ар гэрт олгохоор шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар тухайн шийдвэрийг хууль ёсны бөгөөд шударга гэж үзэж байсан ч 2026 оны нэгдүгээр сарын 20-нд Малайзын Давж заалдах шатны шүүхээс тус улсын Засгийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Энэхүү шийдвэрт Монголын тал гүнээ харамсаж байгааг Г.Занданшатар илэрхийлсэн байна.

Шинээр илэрсэн баримтуудыг шалгаж, гэрчээс мэдүүлэг авахыг шаарджээ

Г.Занданшатарын мэдэгдсэнээр, Монгол Улсын Засгийн газар Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт Малайзын төрийн цагдаагийн алба хаагчид оролцсон тул тус улсын Засгийн газар олон улсын эрх зүйн зарчмын дагуу хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Тэрбээр “Энэ хэрэгт Малайзын төрийн цагдаагийн алба хаагчид оролцсон учраас олон улсын хууль эрх зүйн зарчмын дагуу Малайзын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Бидний тавьж буй хамгийн гол шаардлага бол шүүх ажиллагааг шударгаар явуулах явдал юм” хэмээн мэдэгджээ.

Мөн хэрэгтэй холбоотой шинээр ил болсон баримт бичгүүдийг дахин шалгах, шүүхийн шийдвэрийг улс төрийн нөлөөллөөс ангид гаргах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, Австралид байгаа гэрчээс мэдүүлэг авах, түүнийг Малайзад хууль ёсны дагуу авчрах нөхцөлийг бүрдүүлэх, өмнө нь шалгагдаагүй баримтуудыг холбогдох хуулийн байгууллагаар нягтлуулахыг шаарджээ.

Түүнчлэн шалгалтын үр дүнг Ш.Алтантуяагийн ар гэрт мэдээлэх, шүүхийн ажиллагааны явцын талаар Монгол Улсад албан ёсоор бичгээр мэдэгдэж байх шаардлагыг Малайзын талд тавьсан байна.

“Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэллээ

Г.Занданшатар мэдэгдлийнхээ үеэр талийгаачийн эцэг С.Шаарийбуу өнгөрсөн 20 жилийн хугацаанд охиныхоо амь насыг алдсан хэрэгтэй холбогдуулан нэг ч удаа уучлалт гуйсан үг сонсоогүйг онцолжээ.

Тэрбээр охиноо алдсан эцгийн нөхцөл байдлыг ойлгож, шударга ёсыг тогтооход анхаарал хандуулахыг хүссэн байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар Малайзын шүүх байгууллагын шийдвэрийг хүндэтгэх боловч хэргийн талаар байр сууриа дипломат болон эрх зүйн хүрээнд үргэлжлүүлэн илэрхийлэхээ мэдэгджээ.

Мөн Ш.Алтантуяагийн хэргийн талаар олон улсын анхаарлыг хандуулах зорилгоор “Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө” цахим гарын үсэг цуглуулж эхэлснийг зарласан байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд уг хэргээр Малайзын талтай дипломат болон хууль эрх зүйн сувгаар хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад нэмэлт шалгалт явуулах, шүүхийн ажиллагааг шударгаар үргэлжлүүлэх шаардлагаа албан ёсоор илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй