Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг 2026 оны арваннэгдүгээр сарын 14-нд Швед Улсаас эх оронд нь шилжүүлэн авчирсан билээ.
Түүнийг Монголд ирсэн даруйд хойшлуулшгүйгээр саатуулж, улмаар 30 хоногийн хугацаатай цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Г.Ган-Очирыг хэд хэдэн үндэслэлээр яллагдагчаар татсан бөгөөд хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа аж.
Г.Ган-Очирыг 2022 оноос олон улсад эрэн сурвалжилжээ
Г.Ган-Очир 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн болон цагдаагийн алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэх үед нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж, хууль бусаар устгасан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байв.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх үндэслэлээр шалгагдаж байсан юм. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны долдугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан гэх бөгөөд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөн оны наймдугаар сараас Интерполын шугамаар эрэн сурвалжилж эхэлжээ.
Францын шүүхээс хоёр жилийн хорих ял оноож байжээ
Г.Ган-Очирыг Монгол Улсаас гарсныхаа дараа Франц Улсад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон талаар мэдээлж байв. Тодруулбал, Францын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүх 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оноосон байна.
Гэвч тэрбээр ял эдэлж байх хугацаандаа тус улсаас оргон зайлсан гэх бөгөөд улмаар Францын эрх баригчид мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж эхэлжээ.
Г.Ган-Очирыг 2025 оны наймдугаар сарын 21-нд Швед Улсад саатуулсан байна. Үүний дараа Монголын хууль хяналтын байгууллагууд түүнийг шилжүүлэн авах хүсэлтийг Шведийн талд хүргүүлснээр ийнхүү эх оронд нь авчирчээ.
