АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ойн Форумын 21 дүгээр чуулган (UNFF21) зохион байгуулагдлаа. Тус чуулганд Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр нар оролцсон байна.
Чуулганы үеэр Ойн газрын дарга Б.Оюунсанаа Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаар мэдээлэв. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хүрсэн үр дүн болон цаашдын зорилтын талаар танилцуулжээ.
Энэ удаагийн чуулганы онцлох үйл явдал нь Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ойн форумын 22 болон 23 дугаар чуулганыг даргалахаар сонгогдсон явдал байв. Ингэснээр Монгол Улс тус форумыг анх удаа даргалах хүндтэй үүргийг хүлээж байна.
Монгол Улс форумыг даргалах нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгаа олон улсын түвшинд илүү өргөн танилцуулах боломж болох юм. Түүнчлэн тогтвортой ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
НҮБ-ын Ойн форум нь дэлхийн хэмжээнд ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах асуудлыг хэлэлцдэг НҮБ-ын гол механизмын нэг юм. Мөн ойн салбарын бодлого, санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох чухал талбар болдог.
Монгол Улс даргалах хугацаандаа ой, бэлчээр, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог онцлон авч үзэхээр байна. Мөн эдгээр чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллах аж.