Монголын өсвөрийн бадминточид Төв Азийн АШТ-ээс гурван хүрэл медаль хүртэв

0 comments
Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ

Тажикистаны Хужанд хотод зохион байгуулагдсан бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн шигшээ баг амжилттай оролцож, гурван хүрэл медальтай эх орондоо иржээ. Зургаан өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд бүс нутгийн долоон улсын 80 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Монгол Улсаас дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөрийн удирдлага дор есөн тамирчин тэмцээнд оролцож, ганцаарчилсан болон хосын төрлүүдэд хүч үзжээ. Манай тамирчид U16, U19 насны ангилалд нийт гурван хүрэл медаль хүртэж, Төв Азийн шилдэг өсвөрийн тамирчдын дунд амжилттай өрсөлдсөн байна.

Монголын багийн медаль хүртсэн тамирчид:

  • U16 эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд О.Амин-Эрдэнэ — хүрэл медаль
  • U19 эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ү.Өсөх-Ирээдүй — хүрэл медаль
  • U19 эрэгтэй хосын төрөлд Э.Тэмүүлэн, Ү.Өсөх-Ирээдүй — хүрэл медаль

Тус тэмцээнд Иран, Туркменистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Узбекистан болон Монголын тамирчид оролцсон бөгөөд өрсөлдөөн өндөр түвшинд өрнөжээ. Монголын өсвөрийн багийн хувьд олон улсын тавцанд ур чадвараа шалгахын зэрэгцээ өөр өөр тоглолтын арга барилтай тамирчидтай өрсөлдөх бодит туршлага болсон байна.

Мөн энэ удаагийн Төв Азийн аварга шалгаруулах тэмцээн О.Амин-Эрдэнэ, Ү.Өсөх-Ирээдүй нарын хувьд онцгой ач холбогдолтой байжээ. Тэд “Айчи-Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тул Хужандын тэмцээн нь томоохон наадмын өмнөх чухал сорил, бэлтгэлийн нэг болсон гэж албаныхан онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй