Монголын төрийн дууллыг Ираны дууллаар андуурсан алдаанд зохион байгуулагчид хүлцэл өчив

0 comments
Монголын төрийн дууллыг Ираны дууллаар андуурсан алдаанд зохион байгуулагчид хүлцэл өчив

Японы Айчи, Нагоя хотод болж буй Азийн пара спортын наадмын үеэр Монгол Улсын төрийн дууллыг андуурч эгшиглүүлсэн тохиолдол гарч, зохион байгуулагчид албан ёсоор хүлцэл өчжээ.

NHK-ийн мэдээлснээр, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав түрүүлсний дараах шагнал гардуулах ёслолын үеэр Монголын төрийн дууллын оронд Ираны төрийн дууллыг тоглуулсан байна.

Монголын төлөөлөгчид алдааг тэр даруй сануулжээ

Монголын төлөөлөгчид уг алдааг зохион байгуулагчдад шууд мэдэгдсэнээр Ираны төрийн дууллыг дундаас нь зогсоож, Монгол Улсын төрийн дууллыг зөвөөр эгшиглүүлжээ.

Пара наадмын үеэр үүнтэй төстэй өөр хоёр алдаа мөн гарсан байна. Таеквондогийн эрэгтэй төрөлд түрүүлсэн Тайванийн тамирчны шагнал гардуулах ёслолын үеэр Ираны төрийн дуулал тоглуулснаас ёслолыг дахин эхнээс нь зохион байгуулжээ. Мөн эмэгтэй волейболын Хятад, Ираны тоглолтын өмнө БНХАУ-ын төрийн дууллын оронд БНСУ-ын төрийн дуулал тавигдсан бөгөөд таван секундын дараа алдааг зассан байна.

Өмнөд Солонгосын оронд БНАСАУ-ын дууллыг тоглуулж байжээ

Үүнээс өмнө Азийн наадмын зүлэгний хоккейн Өмнөд Солонгос, Бангладешийн тоглолтын өмнө БНСУ-ын төрийн дууллын оронд БНАСАУ-ын төрийн дууллыг андуурч эгшиглүүлсэн тохиолдол гарч байв.

Тухайн үед ч зохион байгуулагчид албан ёсоор уучлал хүссэн байна.

“Дахин давтагдаж байгаа нь байж болшгүй зүйл”

Нагоя хотын дарга, Азийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ичиро Хиросава лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийж, гарсан алдаануудад уучлал хүсжээ. Тэрбээр “Энэ алдаа дахин давтагдаад байгаа нь байж болшгүй зүйл. Улс орноо төлөөлөн медаль хүртсэн тамирчин, багийн хамт олноос хүлцэл өчиж байна” гэж мэдэгдсэн байна.

Зохион байгуулагчдын тайлбарласнаар, төрийн дуулал андуурсан асуудал дууны системийн программ хангамжийн буруу тохиргоотой холбоотой байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй