1992 онд видео тоглоомын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн “Mortal Kombat” нь тулаант тоглоомын төрөлд богино хугацаанд дэлхий нийтийг байлдан дагуулсан түүхтэй. Уг тоглоомын нэр хүнд кино урлагт салбарлан орж, 1995 онд анхны дэлгэцийн бүтээл нь үзэгчдийн хүртээл болж байв. Улмаар 2021 онд хийгдсэн шинэчилсэн хувилбар нь уг франчайзын үнэ цэнийг дахин бататгаж, шинэ үеийн залуусыг тулаант киноны гайхамшигт уруу татсан юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Mortal Kombat II” кино зах зээлд тэсрэлт хийж, кино сонирхогчдын анхаарлын төвд орлоо. Уг бүтээл өмнөх долоо хоногийн бокс оффисын орлогыг тэргүүлж байсан “The Devil Wears Prada 2” киног гүйцэт түрүүлж, жагсаалтын нэгдүгээрт бичигдэж эхлэв. Хэдийгээр өрсөлдөөн тун ширүүн байгаа ч “Mortal Kombat II” одоогоор тэргүүлэгч байр сууриа хадгалж байна.
Киноны санхүүгийн үзүүлэлт болон хүлээлтийг тоймловол:
- Төсөв: Шинэ ангийг бүтээхэд 80 сая доллар зарцуулсан нь 2021 оны эхний ангийн төсвөөс (55 сая доллар) даруй 25 саяар өндөр байна.
- Баасан гарагийн орлого: Хойд Америкийн 3,503 кино театраас нэг өдрийн дотор 17 сая доллар цуглуулжээ.
- Таамаглал: Студийн зүгээс эхний амралтын өдрүүдэд 35 сая долларын орлого олно гэж тооцоолж байсан ч одоо энэ үзүүлэлт 41 сая долларт хүрэх төлөвтэй байна.
“Warner Bros” студийн бүтээсэн энэхүү үргэлжлэл ангид алдарт жүжигчин Карл Урбан Жонни Кейжийн дүрд тоглосон нь үзэгчдийн хүлээлтийг ихээхэн үүсгээд байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв олон улсын зах зээл дээрх амжилт энэ эрчээрээ үргэлжилбэл “Mortal Kombat II” хэдхэн долоо хоногийн дотор өмнөх ангийнхаа нийт 84 сая долларын орлогыг төвөггүй давах боломжтой байна.
Эх сурвалж: Variety