MV Hondius хөлөгт хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
MV Hondius

Аяллын хөлөг онгоцноос аюулт хантавирусын дэгдэлт илрэхээс өмнө бууж амжсан 23 зорчигчийн нэг нь хэдийнэ халдвар авсан болох нь тогтоогджээ. Энэ тухай “EL PAÍS” агентлаг мэдээллээ.

“MV Hondius” хөлөг онгоцон дээр тусгаарлагдаж буй нэгэн Испани зорчигчийн ярьснаар, тэд хөлөг дээрх анхны нас баралт бүртгэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 21-нд Гэгээн Елена арал дээр буусан байна. Хөлөг дээр үлдсэн бусад зорчигчид одоо ариун цэврийн чанд дэглэмд тусгаарлагдаж байгаа аж.

“Австрали хүн эх орондоо, Тайвань хүн Тайвань руу, Америкчууд Хойд Америкийн өнцөг булан бүрд, Англи хүн Англи руу, Голландчууд гэр гэртээ харьцгаасан. Бусдыг нь сайн санахгүй байгаа ч тэдний дунд Испани хүн байгаагүй” хэмээн зорчигч утсаар мэдээлжээ.

Дээрх 23 зорчигчийн нэг болох эрэгтэй өнөө өглөө Швейцарийн эмнэлэгт хэвтэж, шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) арал дээр буусан зорчигчидтой ердөө гурав хоногийн өмнөөс л холбогдож эхэлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр “MV Hondius” хөлөг дээр гарсан хантавирусын дэгдэлт нь “Андес” (Andes) хэмээх штаммаар үүсгэгдсэн байна. Одоогоор нийт найман тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь албан ёсоор батлагджээ. Нийт гурван хүн нас барсан бөгөөд нэг хүн Өмнөд Африкийн Йоханнесбург хотын эрчимт эмчилгээний тасагт, өөр нэг хүн Швейцарьт эмчлүүлж байна.

Хантавирус нь 38 төрөл зүйлтэй бөгөөд үүний 24 нь хүнд өвчлөл үүсгэдэг. “Андес” штамм нь хүнээс хүнд халдварладаг цорын ганц төрөл бөгөөд биеийн шингэнээр дамжин халдварладаг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй