Table of Contents
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Японы “Хоккайдо Шимбун” сонины 34 настай сурвалжлагч Юки Имайг Сахалин аралд саатуулсан талаар мэдээлжээ.
Оросын тал түүнийг Курилын арлуудаас Украины эсрэг дайнд оролцохоор илгээгдсэн Оросын цэргийн алба хаагчдын тоо болон холбогдох мэдээллийг цуглуулсан гэж сэжиглэж байгаа аж. Хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд Юки Имайгийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно.
Орос, Японы харилцаа хурцадсан үед саатуулжээ
Сэтгүүлчийг саатуулсан тухай мэдээлэл Орос, Японы харилцаа дахин хурцдаж буй үед гарсан байна. Үүнээс дөрөв хоногийн өмнө Япон улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Томоко Аканэ болон бусад албан тушаалтны эсрэг ОХУ-аас явуулж буй мөрдлөгтэй холбоотойгоор Москвад албан ёсны эсэргүүцэл илэрхийлжээ.
ОХУ энэ сарын 8-нд Нидерландаас Томоко Аканэ болон Олон улсын эрүүгийн шүүхийн бусад найман албан тушаалтныг шилжүүлэн өгөхийг шаардсан байна. Москва 2023 онд Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украины хүүхдүүдийг хууль бусаар шилжүүлсэн хэрэгт холбогдуулан баривчлах захирамж гаргасны дараа тус шүүхийн зарим албан тушаалтныг эрэн сурвалжилж эхэлсэн юм.
Японы тал ОХУ-ын энэхүү шаардлагыг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
10–20 жилийн хорих ял авах эрсдэлтэй гэж мэдээлжээ
Юки Имайд ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн талаар эх сурвалжид дэлгэрэнгүй дурдаагүй ч түүнийг буруутгаж буй хэрэг нь 10–20 жилийн хорих ялтай байж болзошгүй гэж мэдээлсэн байна.
Мөн өнгөрсөн наймдугаар сард Владимир Путин маргаантай Итуруп аралд айлчилсан нь Токиогийн эсэргүүцлийг дахин дагуулжээ. Итуруп нь Орос, Японы хооронд газар нутгийн маргаантай хэвээр байгаа Курилын арлуудын нэг юм.
Ийм нөхцөлд Курилын арлууд дахь Оросын цэргийн алба хаагчдын талаар мэдээлэл цуглуулсан гэх үндэслэлээр Японы сэтгүүлчийг саатуулсан нь хоёр улсын харилцаанд нэмэлт дарамт үүсгэж болзошгүй гэж мэдээлж байна.
Юки Имай 2014 оноос ОХУ-д тогтмол зорчжээ
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Юки Имай 2014 оноос хойш ОХУ-д тогтмол ирдэг байсан бөгөөд Санкт-Петербургийн Улсын их сургуульд суралцаж байжээ. Тэрбээр Оросын соёл, балет, сонгодог хөгжим болон Зөвлөлтийн үеийн кино урлагийг сонирхдог аж.
Энэ зун тэрбээр Оросын Алс Дорнодын бүс нутгуудаар аялж, нутгийн иргэдтэй уулзан, Дэлхийн хоёрдугаар дайны үед олзлогдсон япон цэргүүдийн түүхийг судалсан байна.
Түүний нийтлэлүүдэд Төрийн Думын сонгууль, Орос-БНАСАУ-ын харилцаа болон Сахалин дахь хойд солонгос иргэдийн нөхцөл байдлын талаар хөндөж байжээ.
