Найруулагч Кристофер Ноланы эртний Грекийн Гомерын туульсаас сэдэвлэн бүтээж буй “Одиссей” (The Odyssey) киноны шинэ трейлерийг Universal компани олон нийтэд танилцууллаа. Энэхүү мэдээллийг Variety агентлаг онцолсон байна.
Шинэ трейлерт Метт Дэймоны бүтээсэн Одиссей аварга биет Циклоптой тулалдаж буй хэсэг гардаг бол Роберт Паттинсоны тоглосон Антиной Итака арлын засгийн эрхийг авахаар оролдож буйг харуулжээ. Киноны гол дүрүүдэд дараах алдартай жүжигчид тоглосон байна:
- Метт Дэймон — Одиссей
- Энн Хэтэуэй — Пенелопа (Одиссейн эхнэр)
- Том Холланд — Телемах (тэдний хүү)
- Роберт Паттинсон — Антиной
- Зендея — мэргэн ухааны дагина Афина
- Шарлиз Терон — шидвэрт дагина Кирка
“Одиссей” нь Ноланы найруулсан 13 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна. Тэрээр эртний зохиолоос сэдэвлэн кино зохиолоо өөрөө бичсэн бөгөөд Эмма Томастай хамтран продюсерээр ажиллажээ.
Сонирхолтой нь, 2023 онд “Оппенгеймер” кино Warner Bros.-ийн “Барби”-тай нэг өдөр нээлтээ хийж байсан шиг, “Одиссей” кино Disney болон Sony-ийн хамтарсан “Хүн-аалз: Шинэ өдөр” (Spider-Man: New Day) кинотой нэг өдөр буюу 7 дугаар сарын 17-нд үзэгчдийн хүртээл болох юм байна.
Уг бүтээл нь бүх зураг авалтыг бүрэн IMAX камераар хийсэн анхны уран сайхны кино гэдгээрээ онцлогтой. Киноны сурталчилгааны хүрээнд 70 мм-ийн форматаар гарах үзвэрийн тасалбарууд нээлтээсээ нэг жилийн өмнө буюу 2025 оны 7 дугаар сард худалдаанд гарч эхэлсэн байна.