Наоя Иноуэ дэлхийн үнэмлэхүй аваргын цолоо долоо дахь удаагаа хамгааллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Наоя Иноуэ

Японы алдарт боксчин Наоя Иноуэ 55.22 кг хүртэлх жинд дэлхийн үнэмлэхүй аваргын титмээ амжилттай хамгааллаа. Токио хотноо болсон 12 раунд үргэлжилсэн ширүүн тулаанд тэрээр эх нэгт боксчин Жүнто Накатаниг шүүгчдийн саналаар ялсан байна.

Иноуэ ийнхүү Дэлхийн боксын зөвлөл (WBC) болон Дэлхийн боксын байгууллагын (WBO) аваргын бүсээ найм дахь удаагаа, харин Олон улсын боксын холбоо (IBF) болон Дэлхийн боксын холбооны (WBA) бүсээ долоо дахь удаагаа баталгаажууллаа. Тэрээр 55.22 кг жинд дэлхийн үнэмлэхүй аварга цолоо долоо дахь удаагаа хамгаалж буй нь энэ юм. Өдгөө 33 настай Иноуэ карьерынхаа туршид 33 тулаан хийж, нэг ч ялагдалгүйгээр бүгдэд нь ялалт байгуулаад байгаа бөгөөд үүнээс 27 тулааныг нь хүнд цохилтоор (нокаут) дуусгажээ.

Японы “Мангас” хочит боксчин Иноуэ 2023 онд хоёр дахь жиндээ дэлхийн үнэмлэхүй аварга болсон түүхтэй. Тэрээр үүнээс өмнө 53.52 кг жингийн дөрвөн гол бүсийг нэгтгэж байв. Мэргэжлийн боксын түүхэнд дөрвөн том холбооны засаглал тогтсоноос хойш хоёр өөр жинд үнэмлэхүй аварга болсон дэлхийн хоёр дахь боксчин болж түүхэнд бичигдсэн юм. Түүний өмнө энэхүү амжилтад Америкийн Теренс Кроуфорд (63.5 кг болон 66.68 кг жинд) хүрч байжээ.

Иноуэ карьерынхаа туршид нийтдээ дөрвөн өөр жинд (48.99 кг, 52.16 кг, 53.52 кг болон 55.22 кг) дэлхийн аварга болсон байна. Мөн 2019 онд Филиппиний Нонито Донейрыг ялж, Дэлхийн боксын супер цувралын (World Boxing Super Series) ялагчаар тодорч байв.

Харин түүний өрсөлдөгч 28 настай Накатани 32 ялалттай (24 нокаут) явсан ч ийнхүү анхны ялагдлаа хүлээлээ. Тэрээр өмнө нь 50.8 кг, 52.2 кг болон 53.5 кг-ын жингүүдэд дэлхийн аварга болж байсан чансаатай тамирчин юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй