Ялалтын баяраар гал зогсоох хугацаа: Путин ба Зеленскийн зөрүүтэй шийдвэрүүд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зеленский тэр хүн тонилоосой гэж хэлсэн нь Путиний тухай хэмээн хүмүүс тайлбарлаж

ОХУ болон Украины удирдагчид Ялалтын баярыг тохиолдуулан гал зогсоох шийдвэр гаргасан ч хугацааны хувьд нэгдсэн ойлголтод хүрч чадсангүй. Талууд өөрсдийн сонгосон өдрүүдэд түр эвлэрэл зарлахаа тус тус мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн даваа гарагт (2026.05.04) хийсэн мэдэгдэлдээ баярын өдрүүдээр буюу энэ долоо хоногийн баасан (2026.05.08) болон бямба (2026.05.09) гарагт гал зогсоох тушаал өгснөө мэдэгдсэн байна. Гэвч энэхүү шийдвэр нь нөгөө талтай зөвшилцөөгүй, ганцаарчилсан алхам байв.

Үүний хариуд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский арай өөр хугацаа буюу тавдугаар сарын 5-наас 6-нд шилжих мягмар, лхагва гарагуудад гал зогсоохоо зарлалаа. Тэрбээр Оросын талаас гал зогсоох талаар ямар нэгэн албан ёсны санал ирээгүйг онцолсон юм. Зеленский энэ талаар тайлбарлахдаа:

“Одоогийн байдлаар Оросын олон нийтийн сүлжээгээр яригдаж буй гал зогсоох арга хэмжээний талаар Украинд албан ёсны хүсэлт ирээгүй. Ийм учраас үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 5-наас 6-ны хооронд гал зогсооно гэдгээ мэдэгдэж байна” хэмээсэн байна.

Нөгөө талд Оросын Батлан хамгаалах яамнаас хатуу анхааруулга өгчээ. Тус яамны мэдэгдэлд “Хэрэв Киевийн дэглэм Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 81 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээг тасалдуулах гэмт хэргийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг оролдвол Оросын Зэвсэгт хүчин Киевийн төвд хариу цохилт өгнө” гэж дурдсан байна.

Жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ Москвагийн Улаан талбайд томоохон цэргийн парад зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ жилийн баярын парадын онцлог болон аюулгүй байдлын талаар дараах мэдээлэл байна:

  • Ялалтын баярын 81 жилийн ойн парадад аюулгүй байдлын үүднээс танк, хуягт машин зэрэг цэргийн хүнд механизмыг оролцуулахгүй байхаар шийджээ.
  • Агаарын довтолгоо болон бусад аюулаас сэргийлж, парадын цар хүрээг өмнөх жилүүдээс хязгаарласан байна.
  • Баярын арга хэмжээг зохион байгуулах үеэр Оросын хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Ийнхүү хоёр улсын удирдагчид нэгэн зэрэг гал зогсоож чадаагүй нь баярын өдрүүдэд фронтын шугам дээрх нөхцөл байдал хурц хэвээр байх магадлалыг харуулж байна.

Эх сурвалж: The Moscow Times

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй