АНУ-ын Нью-Йорк мужийн Саламанка ахлах сургууль сургалтын үйл ажиллагаандаа түүхэнд анх удаа хүн төрхтэй роботыг туслах багшаар ашиглахаар боллоо. Энэ тухай “Trending Politics” платформын хамтран эзэмшигч Коллин Раг өөрийн X хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
“Сэлли” робот ба түүний онцлог
Уг роботыг Сэлли гэдэг бөгөөд Нью-Йоркийн баруун бүсийн өвөрмөц аялгаар ярьж, тус сургуулийн 11 болон 12-р ангийн сурагчдад хичээл заахад туслах юм.
“Realbotix” компанийн хөгжүүлсэн энэхүү робот нь дараах боломж, онцлогуудтай:
- Амьд мэт гадаад төрх: Силикон арьс болон урт бор үстэй, хүнтэй маш төстэй төрхтэй.
- Хөдөлгөөний чадвар: Тэрээр анги дотор алхаж явахгүй, суудлын байрлалд байх боловч гар, биеийн дээд хэсэг болон нүүрний хувирлыг (мимик) маш өргөн хүрээнд үзүүлж чадна.
- Ганцаарчилсан сургалт: Сурагчид тусгай ID кодоор нэвтрэх бөгөөд робот нь сурагч бүрийн сурлагын ахиц, өмнөх яриаг санан, тэдэнд тохирсон сургалтын дэмжлэгийг үзүүлнэ.
- Хичээлийн чиглэл: Сэлли робот нь Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Вознякийн хөгжүүлсэн STEM (технологи, инженерчлэл, математик) болон хиймэл оюун ухаан, робот техникийн тусгай хичээлүүдэд эхний шатанд ажиллах юм.
Багш нарыг орлохгүй
Сэлли роботын өртөг 57,590 ам.доллар орчим байгаа нь Нью-Йорк мужийн нэг багшийн дундаж жилийн цалинтай ойролцоо эсвэл бага тусч байгаа юм. Гэсэн хэдий ч сургуулийн захиргаанаас уг робот нь бодит багш болон ажилтнуудыг хэзээ ч орлохгүй, зөвхөн сургалтын чанарыг нэмэгдүүлэх туслах хэрэгсэл байх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэв.