Өмнөд Солонгосын дуучин Хваса Монголд гурав дахь удаагаа ирнэ

0 comments
Өмнөд Солонгосын алдарт дуучин Хваса Монголд дахин ирнэ

БНСУ-ын дуучин Хваса буюу Ан Хе Жин ирэх сарын 7-нд Улаанбаатар хотод болох “K-Pop Masterz” тоглолтод оролцоно. Энэ нь түүний Монголд хийх гурав дахь айлчлал болох юм.

Хваса өмнө нь 2015 болон 2025 онд Монголд ирж байжээ. Тэрбээр 2015 онд “MAMAMOO” хамтлагийнхаа бүрэлдэхүүнд анх ирсэн бол 2025 оны хоёрдугаар сард “Степ Арена”-д болсон “Rosedust” хамтарсан тоглолтод оролцсон байна.

Соло карьераа “Twit”-ээр эхлүүлсэн

Хваса 2014 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлж, “Mr. Ambiguous”, “Um Oh Ah Yeh”, “Décalcomanie”, “Yes I Am” зэрэг дуугаараа танигдсан.

2019 онд “Twit” дуугаа гаргаснаар бие даасан уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд уг дуу Өмнөд Солонгосын Circle Digital Chart-ыг тэргүүлж байв.

“Maria”, “I Love My Body” зэрэг бүтээлээрээ танигдсан

2020 онд Хваса “Maria” нэртэй анхны мини цомгоо гаргасан. Ижил нэртэй гол дуу нь бусдын шүүмжлэл, цахим орчны сөрөг хандлагатай нүүр тулахын зэрэгцээ өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай санааг өгүүлдэг.

Мөн 2023 онд “I Love My Body” синглээ гаргаж, хүнийг гадаад төрх, бие галбираар нь шүүмжлэх хандлагын эсрэг санааг илэрхийлсэн. “Chili” зэрэг бүтээлүүдээрээ тэрбээр өөрийн хөгжмийн хэв маяг, тайзны дүр төрхөө үргэлжлүүлэн харуулсаар байна.

Өнгөрсөн жилийн Монгол дахь тоглолтын үеэр Хваса “Maria”, “Good Goodbye” зэрэг бүтээлээ үзэгчдэд хүргэж байсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй