Улаанбуудайн импорт 8.4 дахин нэмэгдэж, гурилын импорт буурсан байна

0 comments 2 үзэлт
Улаанбуудайн импорт

Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний импортын бүтцэд 2026 оны эхний 10 сарын байдлаар өөрчлөлт гарч, улаанбуудай, жимс, хүнсний ногооны импорт өссөн бол гурил, цагаан будаа, өндөгний импорт буурчээ. Ялангуяа улаанбуудайн импорт өмнөх оны мөн үеэс 8.4 дахин нэмэгдсэн нь онцлох үзүүлэлт болж байна.

Тодруулбал, энэ оны эхний 10 сарын хугацаанд 142 мянган тонн улаанбуудай гадаадаас худалдан авсан байна. Харин улаанбуудайн гурилын импорт 13.8 хувиар буурч, 21.7 мянган тоннд хүрчээ.

Жимс, самрын импорт 33 хувиар өсжээ

Хүнсний ногоо, жимс, самрын импорт мөн өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байна. Тухайлбал, 2026 оны эхний 10 сард 122.7 мянган тонн хүнсний ногоо импортолсон нь 8 хувийн өсөлттэй гарчээ.

Харин жимс, самрын импорт 69.5 мянган тоннд хүрч, 33 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна тахиа, гахайн мах, өөхний импорт 28.4 хувиар өсөж, 45 мянган тонн болсон бол элсэн чихрийн импорт 16.7 хувиар нэмэгдэн 56.2 мянган тоннд хүрчээ.

Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, цагаан будааны импорт 26.3 хувиар багасаж, 34.2 мянган тонн болсон бол ургамлын тосны импорт 5.8 хувиар буурч, 19.2 мянган тоннд хүрсэн байна. Мөн өндөгний импорт 17.7 хувиар буурч, эхний 10 сарын хугацаанд 82.4 сая ширхэг өндөг импортолжээ. Харин өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 0.7 хувиар өсөж, 4.7 мянган тонн болсон аж.

2024 онтой харьцуулахад улаанбуудайн импорт 86.6 хувиар нэмэгджээ

Хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээг 2024 оны мөн үетэй харьцуулахад ч өсөлт ажиглагдаж байна.

Тодруулбал, улаанбуудайн импорт хоёр жилийн өмнөхөөс 86.6 хувиар нэмэгдсэн бол хүнсний ногооны импорт 17.5 хувиар өсжээ. Харин жимс, самрын импорт 2024 оны эхний 10 сарын үзүүлэлтээс 74 хувиар өндөр гарсан байна.

Ийнхүү 2026 оны эхний 10 сарын байдлаар улаанбуудай, жимс, самар, махан бүтээгдэхүүн болон элсэн чихрийн импорт нэмэгдсэн бол гурил, цагаан будаа, өндөг, ургамлын тосны импорт буурсан үзүүлэлттэй гарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй