Евро-5 стандартын шатахууны үнийг бууруулах талаар импортлогчидтой хэлэлцэнэ

0 comments 1 үзэлт
Б.Мөнхтамир

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны хангамж, нөөц бүрдүүлэлт, үнийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр урт хугацаанд энгийн АИ-92 шатахууны хэрэглээнээс татгалзах шаардлагатай бөгөөд Евро-5 стандартын шатахууны үнийг бууруулах боломжийг судалж байгааг мэдэгдэв.

Дэд сайдын мэдээлснээр, энгийн АИ-92 шатахууны хүхрийн агууламж 400 ppm байдаг бөгөөд нийслэлд уг шатахууны хэрэглээг хязгаарласан зохицуулалт үйлчилдэг байна. Хүхрийн агууламж өндөртэй түлш нь хүний эрүүл мэнд болон Улаанбаатар хотын агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг аж.

Гэвч энгийн АИ-92 шатахууныг хэрэглээнээс шууд халах боломжгүй учраас Евро-5 стандартын шатахууны үнийг бууруулах арга замыг эрэлхийлж байгаа юм. К5 төрлийн шатахууны үнэтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн ч эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Цаашид шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тэдгээрийн үйл ажиллагааны зардал, эргэлтийн хөрөнгийн боломжид тулгуурлан үнийг бууруулах, нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

2028 он гэхэд 3-4 сарын хэрэглээний шатахуун нөөцлөх хүчин чадалтай болно

Монгол Улс шатахууны нөөц хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэхээр савны бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.

Засгийн газрын татаастай зээлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд 2024 оноос шатахуун хадгалах сав барьж эхэлсэн бөгөөд зарим нь ашиглалтад оржээ. Үлдсэн савнуудыг 2027 оны хавар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Ингэснээр 2028 он гэхэд улсын хэмжээнд 300 гаруй мянган шоо метр буюу 3-4 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун хадгалах багтаамж бүрдэхийг дэд сайд Б.Мөнхтамир мэдээллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй