Орос улс зарим цагаачдад иргэншил олгохоос татгалзаж магадгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Орос улс ялтай цагаачдад иргэншил олгохоос татгалзаж магадгүй

ОХУ-ын Төрийн Дум ирэх долоо хоногт ял шийтгэл нь дуусаагүй буюу ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй цагаачдад Оросын иргэншил болон оршин суух эрх олгохыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Энэ талаар Төрийн Думын дарга Вячеслав Володин мэдээлэв.

Энэхүү хязгаарлалт нь Оросын нутаг дэвсгэрт эсвэл түүний гадна үйлдсэн ямар ч гэмт хэргийн ял шийтгэлд хамаарах аж.

Түүнчлэн, ийм баримт илэрсэн тохиолдолд өмнө нь олгосон оршин суух зөвшөөрөл болон түр оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдгийг тэрээр тэмдэглэв. Харин тус улсад дүрвэгсдээр хүлээн зөвшөөрөгдсөн, эсвэл улс төрийн болон түр орогнол авсан гадаадын иргэдэд энэ хууль хамаарахгүй гэж Төрийн Думын дарга тайлбарлажээ.

“Төрийн Думын Зөвлөлийн ойрын хуралдаанаар энэхүү хуулийн төсөл болон бусад хууль тогтоомжийн санаачилгыг хэлэлцэх болно” гэж Володин мэдээлсэн байна. Тэрээр мөн 2024 оноос хойш шилжилт хөдөлгөөний салбартай холбоотой холбооны 30 хууль батлагдсаныг тэмдэглэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй