ОХУ-ын Хакас Бүгд Найрамдах Улсын Саяно-Шушенскийн усан цахилгаан станцын ойролцоох Майна, Черемушки сууринд баавгай халдах эрсдэлээс шалтгаалан гурван сургуулийг зайны сургалтад шилжүүлжээ.
Энэ талаар Хакасын тэргүүн Валентин Коновалов шууд нэвтрүүлгийн үеэр мэдээлсэн байна.
“Энэ долоо хоногоос Майнагийн дунд сургууль, ‘Эврика’ лицей болон Черемушкийн №1 сургууль зайны сургалтад шилжлээ. Коронавирусийн халдвар тархаж байсан үед бид ийм хэлбэрээр ажиллаж байсан тул сургуулиуд энэ тогтолцоог мэднэ. Мэдээж үүнийг удаан үргэлжлээсэй гэж хүсэхгүй байна… Гэхдээ одоогоор хичээлүүд цахимаар явагдана” гэж Коновалов хэлжээ.
Хакасын нутаг дэвсгэрт 9-р сарын 21-нээс өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоосон байна. Хүрэн баавгай суурин газруудад ойртон ирж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй болсон нь үүний шалтгаан болжээ.
Бүгд Найрамдах Улсын Байгаль орчны яамны мэдээлснээр, даваа гарагийн байдлаар Хакаст хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах хүрээнд 216 баавгайг устгасан байна.
