Table of Contents
Жүжигчин Селма Блэйр ням гарагт Delta Air Lines компанийн Лос Анжелес–Нью-Йорк чиглэлийн нислэгээр зорчиж явахдаа онгоцны хаалга нээхийг завдаж, түүнийг зогсоохоор оролдсон үйлчлэгчдэд халдсан гэх хэрэгт холбогдон саатуулагджээ.
Тухайн нислэг Лос Анжелесийн олон улсын нисэх буудлаас Нью-Йоркийн Жон Ф.Кеннедигийн олон улсын нисэх буудлыг зорьж байсан бөгөөд хэрэг онгоц агаарт байх үед гарсан байна.
Үйлчлэгчдийн нэгийг цохиж, нөгөөг нь хазсан гэж мэдээлжээ
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Блэйр онгоцны хаалгыг нээхийг оролдсон бөгөөд багийн гишүүд түүнийг зогсоох үед нэг үйлчлэгчийг цохиж, нөгөөг нь хазсан гэх мэдээлэл байна.
Нислэгийн үеийн холбооны аудио бичлэгт онгоц газардсаны дараа гэмтсэн зорчигч, ажилтнуудад тусламж үзүүлэх эмнэлгийн багийг хаалган дээр бэлэн байлгахыг хүссэн тухай дурджээ. Гэмтлүүдийн дунд хазуулсан ором болон хамраас цус гарсан тохиолдол байсан аж.
Мөн уг аудио бичлэгт дүрэм зөрчсөн зорчигч онгоцны хэсгүүдийг тусгаарладаг хаалт руу толгойгоо хүчтэй цохисон талаар дурдсан байна. Нью-Йоркийн Боомтын захиргаанаас NewsNation-д өгсөн мэдээллээр, нэг онгоцны үйлчлэгчийг эмнэлэгт хүргэжээ.
FBI хэргийг шалгаж байна
Delta Air Lines компани уг үйл явдалтай холбоотойгоор “Үйлчлүүлэгчид болон багийн гишүүдийн аюулгүй байдал бидний нэн тэргүүний зорилт учраас зүй бус болоод хууль бус үйлдэлд бид огтхон ч хүлцэл үзүүлэхгүй” гэж мэдэгдсэн байна.
Блэйрийг саатуулсны дараа эрүүл мэндийн байдлыг нь үнэлүүлэхээр эмнэлэгт хүргэжээ. Нислэгийн үеэр болсон уг хэргийг Холбооны мөрдөх товчоо /FBI/ шалгаж байгаа аж.
Төлөөлөгч нь эмнэлгийн яаралтай нөхцөл үүссэн гэж тайлбарлав
Жүжигчний төлөөлөгч NewsNation-д өгсөн мэдэгдэлдээ “Селмагийн биеийн байдалд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ нь түүнд холбогдуулан мэдээлж буй үйлдлүүдэд хүргэсэн. Онгоц газардмагц түүнд нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байна” гэжээ.
Селма Блэйр олон жилийн турш олон голомтот хатуурал /Multiple Sclerosis, MS/ өвчний оноштой гэдгээ олон нийтэд мэдээлж ирсэн. Тэрбээр өмнө нь тэнцвэр алдах, бүдрэх, үг яриа ээдрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг тухайгаа ярьж байсан юм.
Блэйрт холбогдох хэрэг мөрдөн шалгах шатандаа байгаа бөгөөд түүний гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байна.
