Нийслэлийн Прокурорын газраас Т.Шинэбаярыг энэ сарын 11-нд Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.
Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Т.Шинэбаярын гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.
Хуульд ямар үйлдлийг хамааруулдаг вэ
Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд нийтийн албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах, үйл ажиллагаа явуулах эсвэл явуулахгүй байхыг шаардах зорилгоор дараах үйлдэл гаргасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
- Өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэх
- Хүч хэрэглэхээр заналхийлэх
- Эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх
Хэрэв уг гэмт хэргийг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол 5,400–27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Хүндрүүлэх нөхцөлд 2-8 жил хорих ялтай
Харин уг гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж үйлдсэн, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заажээ.
