Хайд Паркт 22 мянга гаруй хүн нэгэн зэрэг халзан дүрд хувирлаа
Лондоны Хайд Паркт рэпер Pitbull-ийн шүтэн бишрэгчид Гиннесийн шинэ рекорд тогтоожээ. The Guardian-ийн мэдээлснээр, BST Hyde Park наадмын үеэр 22 141 хүн халзан толгой дуурайлгасан силикон хиймэл үс өмсөж, дэлхийн хамгийн олон “халзан хиймэл үс”-тэй хүмүүсийн цугларалтыг бүрдүүлсэн байна.
Рекорд 7-р сарын 10-нд, Pitbull-ийн тоглолтын өмнө бүртгэгджээ. Оролцогчид зөвхөн халзан хиймэл үсээр зогсохгүй дуучны танигдсан хэв маяг болох цагаан цамц, хар зангиа, авиатор шил зэргээр жигдэрсэн байв. Сонирхолтой нь, Pitbull өөрөө халзан ч рекордын нөхцөлийг хангахын тулд мөн тусгай хиймэл үс өмсөх шаардлагатай болсон байна.
Гиннесийн рекордын гэрчилгээ гардуулах үеэр Pitbull “Үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Нэгдүгээр үеийн куба хүн рекорд тогтоож, эвдэнэ гэж хэн санах билээ?” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Санаа нь нэгэн фэний TikTok бичлэгээс эхэлсэн
Гиннесийн шүүгч Вилл Манфордын тайлбарласнаар, энэ нь хамгийн олон халзан хүний цугларалт бус, харин тусгай халзан хиймэл үс өмссөн хүмүүсийн рекорд байв. Үр дүнг баталгаажуулахын тулд 400 орчим сайн дурын ажилтан оролцогчдыг шалгасан бөгөөд дроноор авсан дүрсийг 42 тоологч шинжилжээ.

Тоглолтын өмнө халзан хиймэл үсний эрэлт огцом өсөж, олон дэлгүүрт бараа дууссан байна. Зарим фэн хэд хэдэн карнавалын хувцасны дэлгүүрээр орсон ч хиймэл үс олж чадаагүй гэж ярьжээ.
Энэхүү санаа Pitbull, BST зохион байгуулагчид эсвэл Гиннесийн талаас бус, харин подкаст хөтлөгч, соёлын тоймч Жек Реммингтоноос гарсан аж. Тэрээр өнгөрсөн жил TikTok дээрээ Хайд Паркийн 65 мянган хүний багтаамж Pitbull шиг хувцасласан хүмүүсийн рекорд тогтооход хангалттай гэж хошигнон хэлсэн нь вирус болсон байна.
Дараа нь тэр Гиннесийн төлөөлөгчидтэй холбогдож, BBC Radio 1-ийн эфирийн үеэр Pitbull-д санаагаа дэмжихийг санал болгожээ. Харин дуучин түүнд ердөө “Dale!” гэж хариулсан байна. Энэ испани үг нь “Урагшаа!” эсвэл “Давай!” гэсэн утгатай бөгөөд Pitbull-ийн нэг цомгийн нэр ч мөн адил юм.
Pitbull фэнүүдийнхээ энэ хөдөлгөөнийг дэмжиж, тэднийг “baldies” буюу “халзанууд” хэмээн нэрлэх болсон. Тэрээр өөрийн сайт дээр Mr Worldwide Kit иж бүрдлийг 40 фунт, халзан хиймэл үсийг 10 фунтээр худалдаалж байсан ч тоглолтын үед хоёулаа бүрэн зарагдаж дууссан байжээ.
