Британийн алдартай жүжигчин Том Хардиг үзэгчдийн сонирхон үздэг нэгэн цувралаас гэнэт хассан байна.
Энэ нь алдартай найруулагч Гай Ричигийн бүтээж буй “Гангстерленд” (Gangsterland) цуврал юм. Том Харди уг цувралын эхний хоёр улиралд гол дүрийг бүтээсэн бөгөөд дараагийн бүлэгт тэрээр тоглохгүй нь тодорхой болжээ. Үүний шалтгаан нь жүжигчний зураг авалтын талбай дээр гаргасан зан авиртай холбоотой хэмээн “Daily Mail” хэвлэлийн инсайдер (дотоод эх сурвалж) мэдээлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Том Харди продюсеруудтай хэд хэдэн удаа маргалдаж, үл ойлголцлын төвд оржээ. Жүжигчин цувралын зарим хэлэх үгийг өөрчлөхийг тулгаж байснаас гадна зохиолд оруулсан өөрчлөлтүүдээ хэнтэй ч зөвшилцөлгүйгээр шууд илгээдэг байсан гэнэ. Түүнчлэн цувралын үйл явдал түүний хамтран тоглогчдын дүрүүд рүү илүү чиглэж эхэлсэнд тэрээр нэлээд бухимддаг байсан аж.
Байнга хоцрох дадал ба Хелен Миррений бухимдал
Үүнээс гадна Холливудын од зураг авалтаас байнга хоцордог байсан нь асуудлыг улам хурцатгасан байна. Ялангуяа цувралын өөр нэгэн гол дүрийн жүжигчин, алдартай од Хелен Миррен түүний энэ зан авирт туйлаас дургүйцэж, нэлээд бухимддаг байжээ. Инсайдерын мэдээлснээр, продюсерууд бүх нөхцөл байдлыг тунгаан үзсэний эцэст Том Хардитай үргэлжлүүлэн ажиллахаас татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэн байна.
Ташрамд дурдахад, жүжигчний хувьд зураг авалтын талбай дээр дуулиан тарьж буй анхны тохиолдол энэ биш юм. Тэрээр 2015 онд “Галзуу Макс” (Mad Max) киноны зураг авалтын үеэр үргэлж хоцордог байснаасао болж хамтран тоглогч Шарлиз Теронтой томоохон зөрчил үүсгэж байсан түүхтэй.