Орхон голд осолдсон 53 настай иргэнийг эрэн хайж олжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Орхон голд

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн “Энхталын нуга” гэх газарт Орхон голын усанд хүн унасан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлага энэ оны долоодугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд аврах ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулжээ. Улмаар усанд осолдсон 53 настай эрэгтэй иргэн Ц-ийн нэрвэгдэгчийг олж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэдийг гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхаарууллаа. Усны осол нь ихэвчлэн болгоомжгүй үйлдэл, хараа хяналт сулрах, согтууруулах ундаа хэрэглэсэн үед усанд орох зэрэг шалтгаанаас үүддэгийг сануулж байна.

Иргэдэд хүргэж буй сэрэмжлүүлэг:

  • Гол, мөрөн, нуурын эрэг орчимд сонор сэрэмжтэй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, сэлэхгүй байх
  • Баталгаагүй болон зориулалтын бус завь, хийлдэг хэрэгслээр гол гатлахгүй байх
  • Хүүхдийг усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
  • Усанд амарч, аялж зугаалахдаа аврах хантааз өмсөж, аюулгүй байдлаа хангах

Усны осол ганцхан хоромын болгоомжгүй үйлдлээс хүний амь нас эрсдэх, нөхөж баршгүй гарз хохирол учруулах эрсдэлтэй. Иймд иргэн бүр гол, усны ойролцоо байхдаа анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй