КОП17-ын үеэр авто зам хаахгүй, шаардлагатай үед хөдөлгөөн зохицуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Мөнхтамир

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг буюу КОП17-ыг зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр /2026.07.28/ хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар бэлтгэл ажлын явц, олон улсын төлөөлөгчдийн бүртгэл, зохион байгуулалтын төлөвлөгөө болон үлдсэн хугацаанд хийх ажлуудын талаар мэдээлэл өгсөн байна.

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн 197 улсын төлөөллийг хүлээн авна. Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хамгийн том, өндөр түвшний бага хурлын нэг болох уг арга хэмжээ нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагаа, байгаль орчны бодлогын манлайлал, ногоон хөрөнгө оруулалтын боломжийг тэлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар 82%-тай байна. Одоогоор 4,5 мянга гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.

КОП17-ын үеэр өндөр дээд түвшний уулзалтууд, сайд нарын хэлэлцүүлэг болон олон улсын тусгай арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тухайлбал, Business4Land, Fashion4Land зэрэг арга хэмжээ, мөн Ногоон бүсийн олон нийтэд зориулсан хөтөлбөрүүдийн хүрээнд газрын доройтолтой тэмцэх бодлого, инновац, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм.

Хурлын хүрээнд төлөвлөсөн гол мэдээлэл:

  • Огноо: 2026 оны наймдугаар сарын 17-28
  • Байршил: Улаанбаатар хот
  • Оролцох улс: дэлхийн 197 улс
  • Бүртгүүлсэн гадаад төлөөлөгч: 4,5 мянга гаруй
  • Бэлтгэл ажлын явц: 82%

КОП17 нь зөвхөн олон улсын хэмжээний хурал бус, Монгол Улсын байгаль орчны бодлого, нүүдлийн соёл иргэншил, газрын тогтвортой менежментийн туршлагыг дэлхийд танилцуулах стратегийн ач холбогдолтой арга хэмжээ юм. Үндэсний хороны Ажлын алба олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад бэлтгэл ажлын талаар тогтмол, нээлттэй мэдээлэл хүргэж, хурлыг амжилттай зохион байгуулахад талуудын хамтын ажиллагааг ханган ажиллаж байна.

Хурал болох газар нь Дүнжингарав, Нарантуул захын ойролцоо байрлаж байгаа тул тухайн бүсийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх шаардлага үүсэж болзошгүй байна. Иймд түгжрэлийг бууруулах зорилгоор эдгээр захын нээх, хаах цагийг өөрчлөх хувилбарыг судалж байгаа аж.

Энэ талаар дэд сайд Б.Мөнхтамир “Хурал 09:00-18:00 цагт үргэлжилнэ. Иймд захуудын нээх, хаах цагийг “КОП-17″-гийн хурлын эхлэх, тарах цагтай зөрүүлэх боломж бий. Гэхдээ шийдвэрийг нийслэлээс гаргах юм.Төрийн гурван өндөрлөгийн түвшний хүн ирэхгүй тул авто зам хаахгүй. Харин шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг татна” гэж хэллээ.

Ингэснээр КОП17-ын үеэр нийслэлд авто замыг бүрэн хаахгүй ч шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг түр татах, зохицуулах арга хэмжээ авах юм байна. Харин захуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэрийг нийслэлийн холбогдох байгууллагууд гаргах аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй