Селин Дионы тухай драмын цуврал бүтээхээр ажиллаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Селин Дион

Нэрт дуучин Селин Дионы хүүхэд нас болон залуу үеийн амьдралыг харуулах “Growing up Dion” драмын цувралыг бүтээхээр ажиллаж байна. Энэ тухай Deadline хэвлэл мэдээллээ.

Уг төсөл нь дуучны бага насны амьдралыг харуулсан, түүний гэр бүлийнхний албан ёсоор дэмжсэн анхны дэлгэцийн бүтээл болох юм. Цувралын продюсероор дуучны ах Жак Дион ажиллах бөгөөд зохиолыг түүний зээ дүү Джимми Дионы бичсэн “Dion: A Family Saga” номоос сэдэвлэн бүтээх аж.

“Сирены” болон “Карнивал Роу” цувралууд дээр ажиллаж байсан Зои Грин уг төслийн шоураннер (showrunner буюу цувралын ерөнхий продюсер, удирдагч)-оор томилогджээ. Цувралд Селин Дионы Канад улсын Квебек мужид өнгөрүүлсэн хүүхэд нас, олон хүүхэдтэй эгэл жирийн гэр бүлийн амьдрал болон дэлхийн хэмжээний од болох анхны алхмуудын тухай өгүүлэх юм. Мөн бүтээлчид дуучны өөрийн ээж Терезатай байсан харилцаа болон 14 хүүхэд өсөж, үргэлж дуу хуур эгшиглэж байсан гэр бүлийн уур амьсгалыг онцгойлон харуулахыг зорьж байна.

Одоогоор Дионы дүрийг хэн бүтээх нь тодорхойгүй байна. Өмнө нь түүний дүрийг “Голос любви” кинонд Валери Лемерсье, “Селин” намтарчилсан кинонд Кристин Гави, мөн Бродвейн “Титаник” пароди (parody буюу егөөдсөн, элэглэсэн) мюзиклд Марла Минделл нар бүтээж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй