Ши Жиньпин БНАСАУ-д айлчлах бэлтгэл хангаж байна гэж Ёнхап мэдээлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ши Жиньпин БНАСАУ-д айлчлахаар зэхэж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ойрын хугацаанд БНАСАУ-д айлчилж болзошгүй талаар Ёнхап агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр, Хятадын удирдагч Хойд Солонгост очихоор бэлтгэж буйг илтгэх тагнуулын мэдээлэл авсан байна.

Айлчлал энэ сарын сүүлээр эсвэл ирэх сарын эхээр болох магадлалтай гэж үзэж байгаа аж. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Пёньянд дөрөвдүгээр сарын 9-10-нд айлчилсан, мөн Ши Жиньпиний протокол болон хамгаалалтын алба саяхан Хойд Солонгост ажиллаад ирсэн нь уг таамгийг бататгаж байна гэж эх сурвалж дурджээ.

Ши Жиньпин Пёньян, Вашингтоны хоорондын яриа хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Ёнхап агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нэгдүгээр сард Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын харилцааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг Ши Жиньпинээс хүссэн бөгөөд Хятадын удирдагч эерэг хариу өгсөн байна.

Мөн энэ жил Хятад, Хойд Солонгосын хооронд Найрамдлын гэрээ байгуулсны 65 жилийн ой тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын улс төр, дипломат хамтын ажиллагаа идэвхжиж байж болзошгүй гэж үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй