Table of Contents
Марафонд гүйх тамирчид болон сонирхогчдод дуулгах таатай мэдээ байна. Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, жиндүү, өдөртөө 14 градус дулаан байгаа бол маргааш буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт болох олон улсын гүйлтийн өдөр цаг агаар эрс дулаарна. Марафоны үеэр нийслэлд үүлших хэдий ч бороо орохгүй, агаарын температур өдөртөө 25 градус дулаан байх тул гүйгчдэд нэн тааламжтай байх төлөвтэй байна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр хурдтай байна.
Орон нутгийн цаг агаарын урьдчилсан төлөв (V/23-26)
Нийслэлд марафоны өдөр дулаахан байх хэдий ч ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудаар цаг агаар тогтворгүй, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Бороо, нойтон цас орох хуваарь:
- Тавдугаар сарын 23-нд: Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр;
- Тавдугаар сарын 24-нд: Төвийн аймгуудын өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд талаар;
- Тавдугаар сарын 25-нд: Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр;
- Тавдугаар сарын 26-нд: Баруун аймгуудын зүүн, говийн аймгуудын зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхины хурд:
Тавдугаар сарын 23, 25-нд нутгийн зарим газраар, 24, 26-ны өдрүүдэд говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул задгай газарт зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Улмаар 23, 25-ны өдрүүдэд нутгийн зүүн хагаст дулаарах урсгал орж ирнэ.
Ойрын өдрүүдийн агаарын температур
Улсын хэмжээнд ихэнх хугацаанд сэрүүхэн байх бөгөөд бүс нутгаар агаарын хэмийг багцалбал:
| Бүс нутаг | Шөнөдөө (градус) | Өдөртөө (градус) |
| Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Тэрэлж голын хөндий | 1-4 хүйтэн | 7-12 дулаан |
| Монгол-Алтай, Завхан, Заг-Байдраг голын эх | 4-9 хүйтэн | 1-6 дулаан |
| Говийн бүс нутгийн өмнөд хэсэг | 6-11 дулаан | 21-26 дулаан |
| Говийн бүсийн хойд хэсэг, Дорнод-Дарьганга | 0-5 дулаан | 17-22 дулаан |
| Бусад нутгуудаар | 0-5 дулаан | 12-17 дулаан |
Марафонд оролцох тамирчид болон амралтын өдрүүдээр хөдөө орон нутгийг зорих иргэд цаг агаарын өөрчлөлт, сэрүүсэлтэд тохируулан хувцаслалтаа зохицуулахыг зөвлөж байна.