Ши Жиньпин Казахстанд хүрэлцэн ирж, Төв Азийн таван улсын төрийн тэргүүнтэй уулзаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ши Жиньпин

Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр Казахстан улсад айлчилж ирсэн бөгөөд өнөөдөр тус улсын нийслэл Астана хотод эхлэх Хятад–Төв Азийн дээд хэмжээний хоёрдугаар чуулганд оролцож байна.

Тус чуулганд Төв Азийн таван улсын — Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикистан болон Туркменистаны төрийн тэргүүнүүд цугласан нь түүхэн үйл явдалд тооцогдож байна. Учир нь эдгээр улсын төрийн удирдагчид анх удаа бүс нутгийнхаа нутаг дэвсгэрт гадаадын төрийн тэргүүнтэй ийн нэг дор уулзаж байгаа нь энэ юм.

Хятад–Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалтыг 2023 онд Хятадын Шаньси мужийн төв Шиань хотод зохион байгуулж байв. Харин энэ удаагийн уулзалт Төв Азийн газар нутгийн төвд, геополитикийн стратегийн ач холбогдол өндөртэй Казахстан улсад болж байгаагаараа онцлог.

Тус бүс нутаг нь уран, газрын тос, газрын ховор элементүүд зэрэг байгалийн арвин баялагтайн дээр Европ, Хятадыг холбосон худалдааны гол шугамын нэг юм. Үүнтэй уялдан Бээжингийн хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд энэ бүс нутаг онцгой ач холбогдолтойд тооцогдож байна.

Түүхэн талаасаа эдгээр таван улс нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд удаан хугацааны турш Орос улс тэдний гол түнш байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд геополитикийн тэнцвэр өөрчлөгдөж, Хятад болон Барууны орнуудын оролцоо нэмэгдэж буйг ажиглагчид онцолжээ.

2015 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама анх Төв Азийн таван улсыг хамруулсан уулзалтыг санаачилж байсан ч уг уулзалт зөвхөн гадаад хэргийн сайд нарын түвшинд болж өнгөрсөн. Харин 2022 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди виртуал хэлбэрээр удирдагчидтай чуулж, 2025 оны 6-р сард Энэтхэгт урьсан байдаг.

2023 онд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк хотод “стан” орнуудын удирдагчидтай уулзалт хийсэн бол ердөө дөрвөн сарын дараа Ши Жиньпин Хятад-Төв Азийн анхны дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж байсан нь өрсөлдөөн улам ширүүссэнийг илтгэнэ. АНУ-ын оролдлогууд Трампын засаглалын үед тасалдаж байсан бол Европын Холбоо ч Төв Азийн орнууд руу анхаарлаа хандуулсаар байна.

Саяхан Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони Казахстан, Узбекистан зэрэг оронд айлчилсан нь үүнийг илэрхийлэх нэг жишээ юм.

Товчхондоо, Ши Жиньпиний Астанад хийж буй энэ айлчлал нь Хятадын Төв Азид гүйцэтгэх үүргийг улам лавшруулж, тус бүс нутагт геополитикийн шинэ тэнцвэр тогтоох өрсөлдөөн ид өрнөж буйг батлан харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment