Сингапурын сургуулиудад бусдыг дээрэлхсэн (буллинг) хөвгүүд болон өсвөр насныханд бие махбодын шийтгэл оногдуулахаар болжээ.
“The Guardian” сонины мэдээлснээр, гаргасан зөрчлийн хэр хэмжээнээс хамааран ротанган (rattan — далдуу модны нэг төрөл) модоор нэгээс гурван удаа ороолгож шийтгэх аж.
Өнгөрсөн жил Сингапурын сургуулиудад хэд хэдэн дээрэлхэлтийн тохиолдол гарсантай холбогдуулан удаан хугацааны шалгалт явуулсны эцэст уг шийдвэрийг гаргажээ. Шинэ дүрмийн дагуу энэхүү шийтгэлийг зөвхөн есөөс дээш насны хөвгүүдэд хэрэглэх юм. Харин охидын хувьд хичээлийн дараа саатуулах, хичээлээс түр түдгэлзүүлэх, төлөв байдлын үнэлгээг бууруулах зэрэг өөр аргуудаар хариуцлага тооцохоор заажээ.
Тус улсын эрх баригчид модоор ороолгохыг “бусад бүх арга хэмжээ хангалтгүй байх үед хэрэглэх эцсийн арга” хэмээн тодорхойлж байна. Сургуулиуд сурагчийн аюулгүй байдлын үүднээс “хатуу протокол” мөрдөх үүрэгтэй. Шийтгэлийг сургуулийн захиралтай зөвшилцсөний үндсэн дээр зөвхөн тусгай зөвшөөрөлтэй багш гүйцэтгэх ёстой аж.
Шийдвэр гаргахдаа сургуулийн захиргаа тухайн сурагчийн насны төлөвшил болон уг шийтгэл нь алдаанаасаа суралцахад нь хэрхэн нөлөөлөхийг харгалзан үзэх ёстой. Шийтгэлийн дараа сургууль тухайн сурагчийн сэтгэл зүйн байдал, ахиц дэвшлийг тогтмол хянаж, сэтгэл зүйчтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулах үүрэг хүлээж байна.
ЮНИСЕФ зэрэг олон улсын байгууллагууд хүүхдэд бие махбодын шийтгэл оногдуулахын эсрэг байр суурьтай байдаг тухай “The Guardian” онцолжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцооллоор жил бүр дэлхийн хэмжээнд 18 хүртэлх насны 1.2 тэрбум орчим хүүхэд гэртээ ийм төрлийн шийтгэлд өртдөг байна.