Ширэнгид хаягдсан хоёр настай хүү амьд гарахын тулд бүтэн хоног алхжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мадхья-Прадеш

Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид төрсөн эцэгтээ ширэнгид хаягдсан хоёр настай хүүг цагдаа нар эсэн мэнд аварсан тухай “The Times of India” мэдээллээ.

Хүүг эрэн хайх ажиллагаа тавдугаар сарын 2-нд Видиша тойргийн 25 настай оршин суугчийг баривчилсны дараа эхэлсэн байна. Гэмт этгээд эхнэрээ хөнөөгөөд зугтахыг оролдож байхдаа баригджээ. Байцаалтын явцад тэрээр хүүгийнхээ талаар юу ч дурдаагүй боловч цагдаа нар төрөл төрөгсдөөс нь хүүхдийн тухай олж мэдсэн байна. Хэрэгтэн эхнэрийнхээ толгой руу чулуугаар цохиж амийг нь хөнөөснийхөө дараа хүүгээ мотоцикль дээрээ суулган ширэнги рүү авч явжээ. Тэнд хүүгээ хаяад, мотоциклио орхиж, цааш явгаар зугтсан байна.

Цагдаа нарын хэлснээр, тухайн бүс нутаг нь зэрлэг араатан маш ихтэй бөгөөд насанд хүрсэн хүн ч ганцаараа амьд үлдэхэд туйлын бэрх аж. Эцэг нь хүүгээ ширэнгид хаясан тухай мэдээлэл хэдийнэ харанхуй болсон үед эрх баригчдад иржээ. Ийм нөхцөлд хүүг амьд олох магадлал бага байсан ч тавдугаар сарын 3-ны өглөө аврагчид хүүг олж чадсан байна. Цагдаа нарын хэлснээр, бяцхан хүү аврал эрж ой дундуур бараг бүтэн хоногийн турш алхжээ.

Хүү маш их туйлдаж, өлссөн байсан бөгөөд аврагчдын өгсөн хоолыг шууд л идэж эхэлсэн байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тухайн тойргийн цагдаагийн дэд дарга “Түүнийг амьд үлдсэн нь жинхэнэ гайхамшиг” хэмээн онцолжээ.

Ширэнгид хаягдсан 2 настай хүү бүтэн хоног алхаж амьд үлджээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй