АНУ-д эрчүүд ботокс тариулалтад эмэгтэйчүүдээс илүү их мөнгө зарцуулдаг болсон бөгөөд процедурын зардлын зөрүү цаашид нэмэгдэж байна.
Энэ талаар Guidepoint Qsight аналитик компанийн гоо заслын анагаах ухаан хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Эрика Шейн Wall Street Journal (WSJ)-д ярьжээ.
“Эрчүүдэд ихэвчлэн ботокс эсвэл бусад төрлийн нейротоксины илүү олон нэгж шаардлагатай байдаг. Учир нь эмчлэх талбай нь том, духны булчин нь илүү хүчтэй байдаг” гэж тэр хэлсэн байна.
Гоо заслын анагаах ухааны зах зээлийн мэдээлэл цуглуулдаг Guidepoint Qsight-ийн тайланд дурдсанаар, 2026 оны гуравдугаар улиралд АНУ-ын эрчүүд ботокс тариулалт бүрт дунджаар 529 ам.доллар зарцуулжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Харин эмэгтэйчүүд нэг удаагийн процедурт дунджаар 455 ам.доллар зарцуулжээ.
Тайланд эрчүүд яг ямар хэсэгт ботокс тариулдаг талаар тодорхой дурдаагүй байна. 2022 онд эрчүүд тариулалтад эмэгтэйчүүдээс 19.6%-иар илүү мөнгө төлдөг байжээ. Дараагийн жилүүдэд энэ зөрүү багассан ч сүүлийн үед дахин өсөж эхэлсэн байна.
Шейний хэлснээр, эрэгтэй, эмэгтэй хүмүүс ойролцоогоор дөрвөн сар тутамд нэг удаа ийм тариулалт хийлгэдэг аж.
Үүний зэрэгцээ эрчүүд гоо заслын анагаах ухааны үйлчилгээг улам их сонирхох болжээ. Ботоксоос гадна үс шилжүүлэн суулгах, биеийн галбир засах процедур ч түгээмэл болж байна.
Мөн олны танил эрчүүд ботоксийг хэвийн, түгээмэл үйлчилгээ мэт хүлээн авахад нөлөөлж байгаа аж. Хэдэн жилийн өмнө дуучин, жүжигчин Жо Жонас Merz компанийн Xeomin бэлдмэлийн нүүр царай болсон байна.
Өнгөрсөн жил телевизийн хөтлөгч Энди Коэн эхэндээ эргэлзэж байсан ч эцэст нь ботокс тариулахаар шийдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
WSJ-ийн мэдээлснээр, ийм төрлийн гоо заслын үйлчилгээг X үеийнхэн болон миллениалууд хамгийн их сонгодог байна.
