Өмнөд Солонгосын Дээд шүүхээс хит цуврал “Squid Game”-ийн дүрээрээ дэлхийд танигдсан, өдгөө 82 настай жүжигчин О Ён Сүд холбогдох бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг бүрмөсөн цагаатгах эцсийн шийдвэрийг гаргалаа. Ингэснээр гурван жил долоон сарын турш олны анхаарлын төвд үргэлжилсэн шүүхийн зарга албан ёсоор өндөрлөж байна.
Хэргийн түүх ба анхан шатны шүүхийн шийдвэр
Жүжигчин О Ён Сү нь 2022 оны арваннэгдүгээр сард театрын хамтлагт хамтран ажиллаж байсан эмэгтэйг “2017 онд хүч хэрэглэн, бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. Прокурорын зүгээс түүнийг хохирогчийг зөвшөөрөлгүй тэвэрсэн, гэрийнх нь үүдэнд хацар дээр нь үнссэн хэмээн буруутгаж байв.
Анхан шатны шүүхээс түүнийг буруутайд тооцож, найман сарын хорих ял оноосон ч уг ялыг хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэж байсан юм. Тухайн үед шүүх дараах зүйлсийг гол нотлох баримт гэж үзжээ:
- Хохирогчийн зөвлөгөө өгөх төвд гаргасан мэдүүлэг болон өдрийн тэмдэглэл
- Хохирогчийн ойрын хүний яриа
- Жүжигчний зүгээс хохирогч руу илгээсэн уучлал хүссэн зурвас
Давж заалдах шатны дүгнэлт ба Дээд шүүхийн тогтоол
Харан давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэгт хүнийг буруутай гэж тогтооход ямар нэгэн эргэлзээгүй, хангалттай нотлох баримт шаардлагатайг онцолсон байна. Хэрэв хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал байвал түүнийг яллагдагчийн талд шийдвэрлэх эрх зүйн зарчмыг баримтлан, түүнийг цагаатгажээ.
Мөн шүүхээс О Ён Сүгийн илгээсэн уучлалын зурвасыг гэм буруугаа хүлээсэн үйлдэл биш гэж дүгнэсэн юм. Шүүхийн шийдвэрт:
“Шүүгдэгч асуудлыг хурцатгахгүйгээр эвээр шийдвэрлэхийн тулд уучлал хүссэн бололтой. Тухайн зурвасыг бүхэлд нь авч үзвэл энэ нь тодорхой нэг гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрсөн бус, ерөнхий утгатай уучлал байсан гэж тайлбарлах боломжтой” хэмээн онцолсон байна.
Зургадугаар сарын 25-ны өдөр Дээд шүүхийн гуравдугаар танхим прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн шаардлага хангаагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсанаар, давж заалдах шатны цагаатгах шийдвэр ийнхүү эцэслэн хүчин төгөлдөр боллоо.