БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин Монгол Улсын төрийн дээд одон хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг Алтан гадас одонгоор шагналаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Пак Жин-ийг “Алтан гадас” одонгоор шагналаа. Хоёр улсын хоорондын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үйлсэд түүний оруулсан бодит хувь нэмрийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр үнэлж, энэхүү шагналыг гардуулж байгаагаа илэрхийлэв. Мөн түүнийг Гадаад хэргийн сайдын хувиар 2022 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ дэвшүүлж байсан олон талт бүтээлч санал, санаачилгууд өдгөө амьдрал дээр амжилттай хэрэгжиж байгааг Улсын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Түүний гаргасан идэвхтэй зүтгэл, дэмжлэг нь хоёр орны эдийн засаг, шинжлэх ухааны салбарт бодит үр дүнгээ өгсөөр байгаа юм. Тухайлбал, түүний оролцоотойгоор хэрэгжсэн дараах ажлууд харилцааг шинэ шатанд гаргахад голлох үүрэг гүйцэтгэж байна:

  • Пак Жин-ий санаачилга, дэмжлэгтэйгээр өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар хотноо “Монгол-Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна.
  • Тэрбээр манай улсад ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд болон ГХЯ-ны дипломатуудад зориулан тусгайлан лекц уншихаар товложээ.

Эрхэм зочин залуу хойч үе болон дипломатуудад хандан “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвийн дор илтгэл тавьж, санал бодлоо хуваалцах юм. Энэхүү үйл явдал нь хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй