Америкийн алдартай дуучин Тейлор Свифтийн нийт хөрөнгийн хэмжээ 2 тэрбум ам.долларт хүрчээ.
Энэхүү мэдээллийг санхүү, технологи, медиа, бизнес, энтертайнмент болон буяны үйлсийн салбарт “тоглоомын дүрмийг өөрчилж” буй манлайлагчдыг тодруулдаг “Iconoclast 50” жагсаалтын шинэчлэгдсэн хувилбарт дурджээ. Уг нэр хүндтэй жагсаалтад Дональд Трамп, Илон Маск, Марк Цукерберг, Уоррен Баффетт зэрэг тэрбумтнуудаас гадна шоу бизнес, спортын одод болох Бейонсе, Bad Bunny, The Weeknd болон бэйсболчин Сёхэй Отани нар багтдаг байна.
Хөрөнгийн өсөлтийн гол эх үүсвэр
Свифтийн хөрөнгө ийнхүү огцом өсөхөд 2023-2024 онуудад үргэлжилж, нийт 2.2 тэрбум орчим ам.долларын орлого цуглуулсан алдарт “The Eras” аялан тоглолт, мөн түүний шинээр гаргасан цомгууд болон хуучин дуунуудынх нь дахин хэвлэлтүүд голлон нөлөөлжээ.
Шинжээчид түүний аялан тоглолтынхоо амжилтаас олсон орлогоороо өөрийн дуунуудын эх бичлэгийг (мастер-записи) 360 орчим сая ам.доллароор эргүүлэн худалдаж авсан санхүүгийн бие даасан хэлцлийг нь онцлон тэмдэглэж байна.
Дэлхийн хамгийн баян уран бүтээлч үү? Тейлор Свифт хэдийгээр ийм өндөр амжилт үзүүлсэн ч дэлхийн хамгийн баян дуучинд хараахан тооцогдохгүй байна. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, өдгөө 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй рэпэр Жэй-Зи (Jay-Z) энэхүү чансааг тэргүүлсэн хэвээр байгаа аж.
Ойрын хугацааны онцлох үйл явдлууд
Дуучин бүсгүй шоу бизнесийн салбарынхны анхаарлыг татсаар байна.
- Саяхан буюу 6 дугаар сарын 5-ны өдөр тэрээр үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй “Toy Story 5” (Тоглоомын түүх-5) хүүхэлдэйн киноны “I Knew It, I Knew You” нэртэй саундтрекийг албан ёсоор цацжээ.
- 6 дугаар сарын дундуур түүнийг Дууны зохиолчдын алдрын танхимд (Songwriters Hall of Fame) албан ёсоор залах гэж байна.
- Ирэх 7 дугаар сард түүний Америкийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келситэй хийх олон нийтийн хүсэн хүлээсэн хуримын ёслол болох хуваарьтай байгаа юм.