УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Санал хураалтыг нууцаар явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр Энхболдын Анарыг тус албан тушаалд албан ёсоор томиллоо.
Уг томилгооны өмнө парламентад багахан улс төрийн маргаан өрнөөд амжсан юм. УИХ дахь АН-ын бүлгээс энэ асуудлаар хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга С.Бямбацогт нэг хоногийн завсарлага өгсөн бөгөөд өнөөдөр хугацааг сунгахаас татгалзаж, шууд санал хураалт явуулснаар томилгоо эцэслэгдлээ.
Төв банкны “гал тогоонд” 16 жил чанагдсан туршлага
Шинээр томилогдсон Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар нь МАН-ын дарга, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү гэдгээрээ олон нийтийн анхааралд байдаг ч тэрбээр Монголбанкинд доод шатнаас нь эхлэн тасралтгүй 16 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчин юм. Түүний боловсрол болон ажлын намтрыг хураангуйлан танилцуулбал:
- Эрдэм боловсрол: Японы Хакүо их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, АНУ-ын Колумбын их сургуулийг Төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэсэн.
- Мэргэжлийн гараа: Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтэст нөөцийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байв.
- Дунд шатны удирдлага: Хяналт шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагчаар ажиллаж, банкны системийн хяналтын туршлага хуримтлуулсан.
- Удирдах албан тушаал: Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал болон Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлын албыг тус тус хашиж байжээ.
Мэргэжлийн хүрээнийхэн түүнийг Төв банкны үндсэн үйл ажиллагаа, төлбөр тооцооны системийг сайн мэддэг, бэлтгэгдсэн боловсон хүчин гэж үнэлдэг бөгөөд ирэх жилүүдэд мөнгөний бодлого, банкны салбарын шинэчлэлд голлох үүрэгтэй ажиллах нөхцөл бүрдэж байна.