АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын төрийн тэргүүнүүдийг өөрийнхөөрөө эрэмбэлсэн жагсаалтыг Truth Social нийгмийн сүлжээнд нийтэлжээ. Тэрбээр уг жагсаалтад өөрийгөө тусад нь “The Greatest” буюу “Хамгийн агуу” гэсэн ангилалд байрлуулсан байна.
Трампын нийтэлсэн зурагт АНУ-ын Ерөнхийлөгчдийг “Great”, “Near Great”, “Average”, “Below Average”, “Failures” зэрэг ангиллаар эрэмбэлжээ. Харин хамгийн дээд хэсэгт зөвхөн өөрийн хөргийг байршуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Түүний жагсаалтын онцлох ангиллууд:
- “The Greatest” ангилалд Дональд Трамп өөрийгөө дангаар нь оруулжээ;
- “Great” ангилалд Жорж Вашингтон, Томас Жефферсон, Авраам Линкольн, Франклин Рузвельт, Вудро Вильсон, Эндрю Жексон нар багтсан;
- “Near Great” ангилалд Теодор Рузвельт, Гровер Кливленд, Жон Адамс, Жеймс Полк нар орсон;
- “Failures” ангилалд Жо Байден, Барак Обама, Улисс Грант, Уоррен Гардинг, Жимми Картер нарыг багтаажээ.
Мөн Трампын жагсаалтад “Average” буюу дундаж ангилалд Билл Клинтон, Жон Куинси Адамс, Жеймс Монро, Рутерфорд Хейс, Жеймс Мэдисон, Мартин Ван Бюрен зэрэг Ерөнхийлөгчид орсон байна. Харин “Below Average” буюу дунджаас доогуур ангилалд Жон Тайлер, Калвин Кулидж, Миллард Филлмор, Закари Тейлор, Жеймс Бьюкенен, Франклин Пирс нарыг байрлуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчдийн түүхэн үнэлгээ нь ихэвчлэн судлаачид, түүхчид, улс төр судлаачдын судалгаанд тулгуурлан гардаг. Харин Трампын энэ удаагийн жагсаалт нь түүний хувийн байр суурь, улс төрийн өрсөлдөгчдөд хандах хандлагыг илэрхийлсэн нийтлэл болж байна.
Ийнхүү Дональд Трамп өөрийгөө АНУ-ын хамгийн агуу Ерөнхийлөгч хэмээн тодотгож, өмнөх төрийн тэргүүнүүдийг өөрийн үзэмжээр эрэмбэлсэн жагсаалтаа олон нийтэд дэлгэлээ.
