Бангладешт өвөрмөц цайвар согсоо үснээсээ болж “Дональд Трамп” хэмээх нэр зүүсэн ховор төрлийн альбинос (цагаан зүсмийн) одос үхрийг Курбан байрам (Ид аль-Адха) баярын тахил өргөх зан үйлээс аварч чаджээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдээллээс иш татан Reuters агентлаг уламжилсан баняа.
Бараг 700 кг жинтэй уг амьтан баярын зан үйлээр нядлагдахаар аль хэдийн зарагдаад байсан ч иргэдийн дунд үүссэн ер бусын их шуугианы улмаас Дотоод хэргийн яам аюулгүй байдлын үүднээс хэрэгт хөндлөнгөөс оролцжээ.
Дотоод хэргийн сайд Салахуддин Ахмед одос үхрийн амийг үлдээж, худалдан авагчийн mөнгийг буцаан олгох, улмаар амьтныг Дакка хотын үндэсний амьтны хүрээлэнд шилжүүлэх шийдвэрийг биечлэн гаргасан байна.
“Аюулгүй байдлыг хангах үүднээс болон олон нийтийн зүгээс маш их сонирхож байсан тул хамгийн сүүлчийн мөчид одос үхрийг тахил өргөхөөс татгалзах шийдвэр гаргасан” гэж тус яамны төлөөлөгч тайлбарлав.
Баярын бэлтгэлээс улс даяарх сенсаци руу
Баярын өмнөх ердийн нэгэн мал худалдан авалтаар эхэлсэн энэ үйл явдал одос үхрийн бичлэгүүд цахим орчинд хүчтэй тарсны дараа хормын дотор улс орон даяарх сенсаци болон хувирчээ. Түүний шаргал согсоо үс болон номхон дөлгөөн занг нь өөрийн нүдээр үзэхийн тулд олон хүн алс хол газраас зорьж ирэн, фермийн гадаа цуглах болсон байна.
Фермийн эзэн Зиауддин Мридха уг амьтанд түүний дүү нь нэр өгсөн гэдгийг хуваалцжээ. Мөн тэрээр одос үхэр нь маш тогтуун, эрх бөгөөд байнга хооллох, тогтмол усанд оруулах зэрэг онцгой арчилгаа шаарддаг болохыг нэмж хэлэв.
Бангладешт бараг бүх мал сүрэг бараан зүстэй байдаг тул альбинос одос үхэр нь маш ховор тооцогддог. Энэхүү ховор чанар нь түүнийг Курбан байрам баярын өмнөх худалдааны гол “од” болгосон бөгөөд эцсийн дүндээ түүний алдартай нэр нь л амийг нь аварсан байна.