Бангладешид “Дональд Трамп” нэртэй альбинос бух олон нийтийн сүлжээнд алдаршиж, гадаад, дотоодын хүмүүсийн сонирхлыг татах болжээ. Ховор цагаан арьс, цагаан үстэй уг бухыг харахаар Дакка хотын ойролцоох Зиа Уддин Мридхегийн аж ахуйд олон хүн очиж байгаа аж.
700 кг жинтэй энэ бухын үсийг олон хүн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үстэй төстэй гэж ярьснаар “Дональд Трамп” нэр нь улам түгжээ. Тавдугаар сарын турш хэдэн зуун жуулчин, инфлюенсер, нутгийн иргэд очиж, ховор өнгөтэй бухын зургийг авчээ.
Малчид бухаа өдөрт 4 удаа угааж, зочид ирэхээс өмнө “халимаг” үсийг нь самнан янзалдаг байна. Гэвч хэт олон хүн үзэхээр ирэх болсноос бух сүүлийн үед турж эхэлсэн тул эзэд нь үзүүлэх цагийн хуваарь гаргахаас өөр аргагүй болжээ.
Ийм цагаан өнгийн альбинос үхэр дэлхийд маш ховор тохиолддог. Гэсэн ч Ид аль-Адха (Курбан-байрам) исламын баярын үеэр энэ жил Бангладешид 12 сая амьтныг тэнгэрт тахил болгон өргөхөөр байгаа бөгөөд “Дональд Трамп” бух мөн энэ тахилд багтсан байна.
Зиа Уддин Мридхе сэтгүүлчдэд “Бухаа өгөхөд харамсалтай байгаа ч Исламын баярын тахил тун чухал үйл явдал тул яах ч арга алга” гэж хэлжээ. Ийнхүү олон нийтийн анхаарлыг татсан ховор альбинос бух удахгүй баярын тахилд өргөгдөхөөр байна.
