“Улаанбаатар марафон 2026”: Гүйгчдэд зориулсан мэргэжлийн зөвлөмжүүд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар марафон

Нийслэлийн хамгийн том спортын баяр болох “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд гарахад ердөө 10 хоногийн хугацаа үлдлээ. Энэ жилийн арга хэмжээнд нийт 46,306 оролцогч бүртгүүлсэн бөгөөд хагас болон бүтэн марафонд хүч үзэх гүйгчид бэлтгэлээ базааж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс марафонд оролцогчдод зориулж дараах чухал зөвлөгөөг гаргажээ.

Марафонд амжилттай оролцохын тулд зөвхөн биеийн хүч буюу тэсвэр хатуужлаас гадна тактик, бэлтгэл сургуулилт маш чухал байдаг. Гүйгчид дараах хүчин зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.

Гүйгчдийн анхаарах 6 гол санамж:

  1. Биеэ ачаалалд дасгах: Марафон болохоос өмнө гүйлтийн бэлтгэлийг тасалдуулахгүй байх нь чухал. Гэхдээ сүүлийн өдрүүдэд ачааллаа аажмаар бууруулж, биеэ амраах шаардлагатай.
  2. Хувцас, хэрэглэлээ зөв сонгох: Гүйлтийн явцад тав тух хамгийн чухал. Өмнө нь өмсөж дасаагүй шинэ гутал, хувцас өмсөхөөс зайлсхийж, бэлтгэл дээр туршигдсан хэрэглэлээ ашиглах хэрэгтэй.
  3. Биеийн дохиог сонсох: Гүйх явцад толгой эргэх, дотор муухайрах эсвэл ер бусын өвдөлт мэдрэгдвэл хурдаа сааруулж, амсхийх хэрэгтэй. Шаардлагатай бол замын дагуух эмнэлгийн цэгүүдэд хандахыг анхааруулж байна.
  4. Шингэнээ нөхөх: Марафонд оролцогчид усны цэгүүдийг алгасалгүй ашиглах нь зүйтэй. Биеийн шингэн дутагдах нь цуцах, булчин татах гол шалтгаан болдог.
  5. Хурдаа тохируулах: Гарааны дохио дуугарах үед хэт хурдан эхлэх нь хүчийг эрт бардаг. Өөрийн бэлтгэлийн түвшинд тохирсон тогтмол хэмнэлийг баримтлах нь барианд саадгүй хүрэх гол түлхүүр юм.
  6. Цаг агаарт бэлэн байх: Нарны хурц тусгалаас хамгаалж малгай өмсөх, нарны тос түрхэх зэргээр биеэ хамгаалаарай. Цаг агаарын мэдээг урьдчилан харж хувцаслалтаа зохицуулах нь чухал.

Марафоны өмнөх өдрүүдэд сайн амарч, зөв хооллох нь гүйлтийн гүйцэтгэлд эерэгээр нөлөөлдөг. Олон улсын хэмжээний энэхүү томоохон гүйлтэд бүртгүүлсэн тамирчин бүр өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, бариандаа амжилттай орохыг зохион байгуулагчид хүсэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй