Бритни Спирс нөхөн сэргээх эмчилгээнээс гарсныхаа дараа ресторанд шуугиан тарьж, олныг айлгажээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бритни Спирс

АНУ-ын нэрт дуучин Бритни Спирс Лхагва гарагийн орой Лос-Анжелес хотын нэгэн ресторанд найзуудтайгаа хооллох үедээ таагүй байдал гаргаж, үйлчлүүлэгчдийг сандаргасан тухай мэдээлэл цацагдлаа.

“TMZ” агентлагийн мэдээлснээр, поп од Шерман-Оукс дахь “Blue Dog Tavern” ресторанд байхдаа “дуугаа өндөрсгөж, хашхирч, бүр нохой шиг хуцаж” байжээ. Рестораны нэгэн үйлчлүүлэгчийн хэлснээр, өдгөө 44 настай Спирс ширээнийх нь хажуугаар хутга бариад өнгөрөхөд хэн нэгнийг санамсаргүйгээр гэмтээчих вий гэх айдас төрсөн гэнэ. Мөн тэрээр рестораны үүдэнд тамхи татсан тул ажилтнууд түүний найзад тамхиа унтраах шаардлага тавьжээ.

Уг явдлын дараа хамгаалагчид нь дуучныг гэрт нь хүргэсэн байна. Гэвч Бритни Спирсийн төлөөлөгч “Page Six”-т өгсөн тайлбартаа энэ мэдээллийг хэтэрхий дөвийлгөсөн хэмээн үгүйсгэв. “Бритни туслах болон хамгаалагчийнхаа хамт нам гүм оройн хоол идэж байсан. Тэр зүгээр л нохой нь хөршүүд рүүгээ хэрхэн хуцсан тухай түүх ярьж өгч байсан юм” гэжээ. Мөн туслахынх нь хэлснээр Спирс хутгаар хэнд ч аюул учруулаагүй бөгөөд зөвхөн гамбургераа зүсэхдээ ашигласан байна.

Энэхүү таагүй явдал нь Спирс гуравдугаар сарын 4-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагдаж, хэдэн долоо хоногийн турш нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсаны дараа болж буй юм. Тэрээр дөрөвдүгээр сарын 12-нд өөрийн хүсэлтээр эмчилгээнд орж, дөрөвдүгээр сарын 30-нд анх удаа олны өмнө гарч ирсэн билээ. Шүүхээс түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож, гурван сарын хугацаанд эмчилгээ хийлгэхийг даалгасан байна.

Баривчлагдсанаасаа хойш Бритни Спирс Кевин Федерлайнтай суун дундаас нь гарсан хоёр хүү болох 20 настай Шон Престон, 19 настай Жэйден Жэймс нартайгаа илүү их цагийг өнгөрөөх болжээ. Хөвгүүд нь түүнийг эмчилгээ хийлгэхийг ятгахад чухал нөлөө үзүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй