Table of Contents
Улаанбаатар болон Санкт-Петербург хотууд олон жилийн харилцаагаа өргөжүүлж, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, нийгмийн үйлчилгээ зэрэг хэд хэдэн чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал солилцлоо. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Григорьев Евгений Дмитриевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Хотын тулгамдсан асуудлуудад хамтарсан шийдэл эрэлхийлнэ
Уулзалтын гол сэдэв нь хоёр хотын өмнө тулгарч буй ижил төстэй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд ашиглаж болох туршлага байв. Талууд замын хөдөлгөөний ачаалал, инженерийн дэд бүтэц, орон сууцжуулалт, нийтийн тээвэр, ногоон байгууламж, агаарын бохирдол болон хотын экосистемийг сайжруулах асуудлыг онцлон хэлэлцжээ.
Б.Пүрэвдагва Улаанбаатар хот Монгол Улсын хүн ам, эдийн засгийн гол төв хэвээр байгааг дурдсан байна. Тэрбээр “Санкт-Петербург болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцааны маш чухал хэсэг юм. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 56 хувь буюу 1.7 сая гаруй иргэн амьдардаг бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын 80 орчим хувь нь нийслэлд төвлөрч, улсын эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг” хэмээн хэлжээ.
Нийслэл өргөжин тэлэхийн хэрээр хотын суурь үйлчилгээ, дулаан, цахилгаан, авто замын хүртээмжид ирэх ачаалал нэмэгдэж байгааг мөн тэрээр онцолсон байна. Түүнчлэн Улаанбаатарын хувьд өвлийн эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хотын бодлогын чухал хэсэг хэвээр байгааг тэмдэглэжээ.
Санкт-Петербургийн туршлагыг судлах сонирхолтой байна
Улаанбаатарын удирдлагын зүгээс Санкт-Петербургийн нийтийн тээвэр, ногоон байгууламж, орон сууц, хот тохижилт болон нийгмийн үйлчилгээний туршлагыг судлах сонирхлоо илэрхийлсэн байна. Мөн дээрх салбаруудад төрийн байгууллагаас гадна судалгааны байгууллага, их, дээд сургууль болон хувийн хэвшлийн түвшинд шууд хамтын ажиллагаа хөгжүүлэх санал тавьжээ.
Григорьев Евгений Дмитриевич хоёр хот газарзүйн хувьд хол боловч хотжилтын сорилтуудын хувьд ижил тал олон байгааг дурдсан байна. Тэрбээр “Манай хоёр хот хоорондоо хол зайд оршдог хэдий ч харьцангуй залуу, хөгжиж буй хотууд. Тиймээс олон чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох боломжтой гэж үзэж байна. Бидний хувьд ч Улаанбаатар хотод тулгамдаж буй авто замын түгжрэл зэрэг зарим асуудал хэвээр байгаа” гэжээ.
Санкт-Петербург хот эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор тээврийн болон инженерийн томоохон төслүүд хэрэгжүүлж буйгаа төлөөлөгчид танилцуулсан байна. Тухайлбал, метроны бүтээн байгуулалт, өндөр хурдны тээврийн шинэ шийдлүүд, трамвайн сүлжээний өргөтгөл үргэлжилж байгаа аж.
Орон сууц, зам, гүүрийн төслөөс эхлэх боломжтой
Санкт-Петербург нь трамвайн өргөн сүлжээгээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог хотуудын нэг бөгөөд шинэ шугамууд нэмж байгуулах ажлаа үргэлжлүүлж байна. Энэ туршлагад тулгуурлан Улаанбаатартай эхний шатанд орон сууцжуулалт, авто зам болон гүүрэн байгууламжийн чиглэлээр хамтарч болохыг Оросын тал илэрхийлжээ.
Мөн Монголын мэргэжилтнүүдийг Санкт-Петербург хотод богино болон дунд хугацааны томилолтоор ажиллуулж, төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцуулах боломжийг хэлэлцсэн байна. Ийм хэлбэрийн хамтын ажиллагаа нь техникийн мэдлэг солилцохоос гадна байгууллагуудын шууд холбоог бэхжүүлэх ач холбогдолтой гэж талууд үзжээ.
Уулзалтын төгсгөлд Санкт-Петербург хотын Гадаад харилцааны хорооны даргын орлогч Андросова Ольга Владимировна хамтын ажиллагааг зөвхөн хот байгуулалтаар хязгаарлахгүй байх санал дэвшүүлсэн байна. Тэрбээр соёл, спорт, хүүхэд, залуучуудын хөгжил болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хоёр хотын байгууллагууд шууд харилцаа тогтоох боломжтойг онцолжээ.
