Улаанбаатарт 43 улсын таеквондочид өрсөлдөж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Ерөнхийлөгчийн ивээл дор “М Банк Арена”-д болж буй тус тэмцээн 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжлэх юм.

Нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уг тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус гэдгийг онцлов. Тэрбээр улс орнууд, ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүндлэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эв нэгдлийг илэрхийлдэг спортын чухал арга хэмжээ хэмээн тэмдэглэж, баг тамирчдад амжилт хүслээ.

Мөн Дэлхийн таеквондогийн холбоо, Азийн таеквондогийн холбоо, Дэлхийн таеквондогийн төв байгууллага, Монголын таеквондогийн холбоо болон тэмцээнийг зохион байгуулж буй хамт олонд талархал илэрхийлсэн байна. Энэ удаагийн тэмцээн нь олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлог юм.

Тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин дараах төрлүүдээр өрсөлдөж байна.

  1. Пүмсэгийн 9 төрөл
  2. Тулааны 27 төрөл
  3. Пара таеквондо

Шилдэг амжилт үзүүлсэн тамирчид ирэх 9 дүгээр сард Японы Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрхээ авах юм. Одоогоор Монголын тамирчин С.Янжинлхам, Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар хүрэл медаль хүртээд байна.

Монголын таеквондогийн тамирчдаас П.Тэмүүжин 2016 оны Риогийн зуны олимпын наадамд анх удаа Олимпын таеквондогийн төрөлд оролцсон түүхтэй. Харин “Парис-2024” Паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль, гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм.

Таеквондогийн спортоор дэлхийд 300 сая гаруй хүн хичээллэдэг байна. Монгол Улс тивийн хэмжээний энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар тус спортын хөгжлийг олон улсын түвшинд харуулах боломж бүрдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй