Улаанбурхан өвчний халдвар 15 мянга давж, нэг иргэн нас барлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
улаанбурхан

Улаанбурхан өвчний халдварын тархалт манай улсад 441 дэх хоногтоо үргэлжилж, нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Сүүлийн мэдээллээр нийт батлагдсан тохиолдол 15,004-т хүрсэн бөгөөд өнгөрсөн хоногийн хугацаанд шинээр 14 хүнээс халдвар илэрчээ. Эдгээр тохиолдлын найм нь нийслэл хотод бүртгэгдсэн бол үлдсэн зургаа нь орон нутагт илэрсэн байна.

Харамсалтай нь, халдварын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо 20 болоод байна. Хамгийн сүүлийн нас баралт тавдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэгдсэн бөгөөд одоогоор эмнэлгийн нөхцөлд 66 хүн эмчлүүлж, 24 иргэн гэрээр хянуулж байгаа ажээ.

Өвчлөлийн нөхцөл байдлыг насны бүлгээр ангилан харвал ахлах болон дунд ангийн сурагчид хамгийн ихээр өртөж байгаа нь дараах тоон мэдээллээс харагдаж байна. Үүнд:

  • 10-14 нас: 5,335 тохиолдол (хамгийн өндөр өвчлөлтэй бүлэг)
  • 0-4 нас: 3,779 тохиолдол
  • 5-9 нас: 1,940 тохиолдол
  • 15-19 нас: 1,815 тохиолдол

Улаанбурхан нь маш хурдан тархдаг халдварт өвчин хэдий ч дархлаажуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой юм. Иймд иргэд та бүхэн өөрийн болон хүүхдийнхээ вакцинд хамрагдсан эсэх мэдээллийг харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө шалгуулж, цахим бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв товлолт вакцинаас хоцорсон бол яаралтай тариулж, хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалаарай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй