Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Парламентын нэр бүхий гишүүд наадмын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын даргад албан ёсоор барив. УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр буюу 2026.05.28-ны өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганмаа, С.Зулпхар, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар нар уг хуулийн төслийг хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү эрх зүйн шинэчлэлийг Улсын Их Хурлын 18 гишүүн хамтран боловсруулсан бөгөөд үндэсний түүх, өв соёлыг хамгаалах, бөхчүүдийн цолны үнэлэмжийг сэргээхэд гол ач холбогдол нь оршиж байна. Төсөл санаачлагчдын зүгээс уг хууль батлагдсанаар иргэдийн үндэсний ухамсар дээшилж, түүхэн тэгш ойг илүү өргөн хүрээнд тэмдэглэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

Тэгш ойн жилүүдэд 1024 бөх барилдуулах зохицуулалт

Одоогийн мөрдөгдөж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар 10 жил тутамд Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойгоор 1024 бөх, бусад жилд 512 бөх барилдахаар хуульчилсан байдаг. Төсөл санаачлагч гишүүн П.Сайнзоригийн тайлбарласнаар, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа тул баярыг өндөр хэмжээнд тэмдэглэх шаардлагатай байгаа юм. Улмаар тэгш ойн жилийн барилдааныг зохион байгуулах эцсийн шийдвэрийг Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч тухай бүр гаргаж байхаар төсөлд шинээр тусгажээ.

Үүнээс гадна орон нутгийн наадмын цол хэргэмтэй холбоотой нэгэн чухал өөрчлөлтийг оруулсан байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн баяр naadamd зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байсныг нөхөж оруулахаар хуульчлахаар төлөвлөжээ.

Орхигдсон цолуудыг нөхөж олгох болон журмын хуулийн зохицуулалт

Хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан байна. Энэхүү дагалдах хуулиар өмнөх жилүүдийн түүхэн наадмуудад амжилт гаргасан ч цолоо авч чадаагүй бөхчүүдийн асуудлыг нэг мөр цэгцлэхээр тусгажээ. Үүнд 2003 оны 6 дугаар сарын 13 болон 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан хуулиудын үйлчлэлээс өмнөх үеийн барилдаануудыг дараах байдлаар зохицуулахаар заасан байна.

  • 1987 оны Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Засгийн газрын шийдвэртэй “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам”, мөн 1989 оноос хойших улсын баяр наадам болон Ардын хувьсгалын тэгш ойн барилдаануудад үзүүрлэж, шөвгөрөн тухайн үеийн журмаар цолны болзол хангасан ч цол нь олгогдоогүй үлдсэн бөхчүүдэд (эсхүл гэр бүлийн гишүүдийнх нь хүсэлтээр) цолыг нөхөж олгох.
  • Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулж 2021 онд зохион байгуулсан барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдийн цолны асуудал.

Дээрх түүхэн наадмуудад амжилт гаргасан тамирчдын цолыг нөхөн олгохдоо Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэхээр заажээ. Үндэсний их баярын наадмын хорооноос уг саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх бөгөөд хуулийн 9.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг ийнхүү тодорхой болгож байгааг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас уламжлав.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй